Ухаалаг утасны тань цэнэглэгч эвдэрсэн, эсхүл алга болчихсон тохиолдолд таарах цэнэглэгч хайж цаг үрдэг байдал ард үлдэх нь ээ. Европын улс төрчид ухаалаг гар утас үйлдвэрлэгчдэд нэгэн ижил төрлийн цэнэглэгч ашигладаг болох зөвлөмж өгчээ.
Европын парламент өнгөрсөн пүрэв гарагт ихэнх ухаалаг утас 2017 он гэхэд нэгэн ижил цэнэглэгч ашигладаг болно гэдгийг зарлажээ. Ингэснээр хэрэглэгчдэд цахилгаан хэрэгслийн хаягдлыг багасгахад тус болно гэж үзсэн байна. “Ингэх нь хэрэглэгч болон хүрээлэн буй орчин аль, алинд нь ашигтай” гэж Европын парламентын гишүүн Барбара Вайлер хэлжээ. “Жил бүр гар утасны 51000 тонн цэнэглэгч цахилгаан хэрэгслийн хаягдал болж үлддэг байдалд төгсгөл тавьж байна” гэжээ.
Европын холбооны гишүүн орнууд 2016 оноос дотоодын хууль тогтоомжиндоо дээрх асуудлыг тусгаж эхлэх бөгөөд үйлдвэрлэгчдэд ухаалаг утасныхаа дизайныг тохируулж өөрчлөхөд нэг жилийн хугацаа олгох юм байна.