Хөрөнгө оруулалтыг боомилсон нь галын нэгэн шалтгаан
Zeal without knowledge is the sister of folly.
Sir John Davies
Sir John Davies
Сайхан сэтгэлээр хорлохуй
Сэр Жон Дэйвис хэмээх англи эрхмийн нэгэн цагт хэлсэн “Мэдлэггүй сайхан сэтгэл бол тэнэгийн төрсөн дүү нь юм” гэх үг европын олон улсад хэлц үг болон хэвшжээ. Монголын эдийн засагт гарсан галын тухай хөхүүн цоглог өнгөөр зарлаж яваа УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан чуулганы танхимд өөртэй нь тохой залган суугаа журмын нөхдийнхөө хоосон халуун сэтгэлээс ундран гарсан “хэт эх оронч” хуулиуд эдийн засагт унтрашгүй гал асаасныг мэдэж авахад зүгээр. Мэдлэггүй халуун сэтгэлтнүүдийн санаачилсан хуулиудын гор одоо ч илэрсээр, үйлчилсээр байгаа. Тэрхэн цагтаа санаачлагчдыг нь “ардын баатар” болгож, магтаалын бялууралд умбуулсан байж мэдэх ч нийт улсынхаа ирээдүйг хорлосон галт хуулиуд !
Галтай хуулиудыг хэн санаачилж, батлаж байсан бэ?
Эдийн засгаа хорлосон сайхан сэтгэлт хуулиудын жагсаалтыг одоо толилуулъя.
Нэг. Гэнэтийн ашгийн, 68 хувийн татварын хууль (Жинхэнэ нэр нь “Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын тухай хууль”). 2006 онд батлагдаад 2011 оны 1-р сарын 1-нээс хүчингүй болгосон.
Энэ хууль гарсны хамгийн том балаг нь Монгол улс алтны нөөцгүй болсон явдал юм. Алтны үнэ 1 унци нь 500 ам.доллараас дээш, зэсийн үнэ 1 тонн нь 2600 ам.доллараас дээш гарсан үед 68 хувийн татвар авах нь энэ хуулийн үйлчлэл байв. Хууль хэрэгжсэн 5 жилийн хугацаанд татварт нийтдээ 1 их наяд 582 тэрбум төгрөг оруулжээ. Харин энэ хуулийг хэрэгжүүлээгүй байсан бол жил бүр 1 их наяд 700 тэрбум төгрөгийн орлого татварт төвлөрч, алтны экспортоос жил бүр 900 саяас 1 тэрбум долларын орлого олох байв. Бид хэдэн арав дахин ашиг олох том салбараа хэт эх оронч санаачлагаар зогсоож, валютын нөөцийн өсөлтийг ч алдчихжээ. 2005 онд 24 тонн алт экспортолж байсан бол 2011 онд 2.6 тонн хүртлээ буурсан байх жишээтэй. Хувиараа алт олборлогчид Монгол банкинд 2005 онд 1723 кг алт тушааж байсан бол 2006 онд 223 кг алт тушаажээ.
Энэ балагт хуулийг М.Энхболд гэж одоо МАН-ын дарга болсон Ерөнхий сайдын үед батласан гэдгийг намын журмын нөхөр Л.Энх-Амгаланд нь сануулахад илүүдэхгүй байх. Санаачилсан хүн нь өөр гэдэг ч “хэн батлав” гэдэг илүү чухал. Элдэв балай санаачлага дэлхийгээр нэг байдаг. Ерөнхий сайд, Засгийн газар ийм явуулгад автахааргүй дархлаатай, зүрх зоригтой байх ёстой. Дархлаа бий болгох хамгийн шилдэг арга нь мэдлэг билээ. Шийдвэр гаргах эрх мэдлийг зөв эдлэхгүй бол эдийн засагт ийм л хөнөөлтэй юм байна шүү. Гал тавигчдаа !
68 хувийн татварын бусад сөрөг талуудыг дурдвал:
- алт олборлогч жижиг, дунд аж ахуйн нэгжүүд дампуурав
- алтны хууль бус наймаа, далд сүлжээ бий болсноор далд эдийн засагт хүчирхэгжсэн
- алт олборлодог компаниудын үйл ажиллагаа хумигдаж, техник технологио шинэчилж чадахгүйд хүрсэн
Хачирхалтай нэг үзүүлэлт байгаа нь Гэнэтийн ашгийн татварын хууль батлагдсны дараачаас Монгол Улсын төсвийн зарлага огцом өсч, жил бүр 56 хувиар нэмэгдэх болсон байна. Тэгэхээр хууль гарснаас хойш эрх барьсан МАН-ын засгийн газрууд зарцуулах мөнгөө нэмэх хомхой сэтгэлийн үүднээс энэ хуулийг зориуд дэмжиж, дэвэргэж байсан байж мэдэхээр байгаа юм.
Хоёр. Урт нэртэй гууль ( бүтэн нэр нь Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль).
Эдийн засагт төдийгүй монголын нийгмийн сэтгэхүйд хагарлын гал асаасан энэ хууль болбоос эрхэм Л.Энх-Амгалангийн журмын нөхөр, МАН-аас Ерөнхийлөгчид нэр дэвшигч, УИХ-ын гишүүн, дархан аврага Б.Бат-Эрдэнэ гуайн санаачилж, зүтгүүлж байж батлуулсан хууль.
Уул уурхайн компаниудын зүгээс нийгмийн хариуцлага ухамсарлаж, технологи, тоног төхөөрөмжөө шинэчлэн, байгальд ээлтэй үйлдвэрлэл явуулах, нөхөн сэргэлт хийх эрмэлзлэл бадарч эхэлсэн яг тэр цаг үед наанадаж “Ардын баатар” болох, цаашилбал Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших замаа засах өчүүхэн хүслийн нөлөөгөөр энэ хууль 2009 онд яаруу сандруу батлагдан гарч, уул уурхайн салбарыг бүхэлд нь самарч хаясан билээ.
Энэ хууль хэрэгжснээр 1200 аж ахуйн нэгж хаалга барьж, 40 мянган монгол хүн ажилгүй болсон. Дэлхийн эдийн засагт хямрал болж байгаа нь товю тодорхой болчихсон үед нэг хүний атгаг хүслээр хорлонт хууль санаачилснаар уул уурхайн салбарын хөгжлийг хэдэн арван жилээр хойш татаж, гадаадын хөрөнгө оруулалтыг айлгах дохиог өгсөн юм. Гадаадын шууд хөрөнгө оруулалт энэ хуультай холбоотойгоор 20 хувь буурсан нь судалгаагаар тогтоогдсон. Гурав.Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хууль.
Эдийн засагт хоромхон зуурын ширүүн гал өрдсөн энэ хуулийг мань Л.Энх-Амгалангийн намын нөхөд УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Ц.Батбаяр, Д.Тэрбигшдагва, Ө.Энхтүвшин нар дээр Ц.Баярсайхан, Д.Ганхуяг хоёр нэгдэн 2010 оны долдугаар сарын 08-ны өдөр УИХ-ын даргад өргөн барьсан байх юм. Хууль батлагдсан даруй гадаадын хөрөнгө оруулалттай олон тооны уул уурхайн ажил зогсч, монгол ажилчид ажилгүйчүүдийн эгнээнд нэгдэн, гадаадын хөрөнгө оруулалт дайижн алга болов. Шинэчлэлийн Засгийнм газар байгуулагдсан эхний өдрөөсөө энэ хуулийн үйлчлэлийг зогсоох гэж асар хүчтэй эсэргүүцэлтэй тулгарсан ч давж гарч чадсан юм. “Хөрөнгө оруулалтын тухай” шинэ хууль өмнөх хуулийн асаасан галыг намжаасан ч бүрэн хэвийн байдалд оруулах яагаа ч үгүй байна.
Шинэ хуулиар хөрөнгө оруулагчдыг дотоод, гадаад гэж ялгалгүй, хөрөнгө оруулалтын хугацаанаас хамаарч татварын хувь хэмжээ, тогтвортой үйлчлэх хугацааг тогтоожээ. Ингэснээр гадныхан эрх зүйн болон татварын тогтворгүй орчинд бус тогтвортой, тодорхой татварын орчинд үйл ажиллагаа явуулах боломж олгосноор гадаадын шууд хөрөнгө оруулалт эргэн ирэх найдлага бий болж байна.
Эдийн засагт гал өрдсөн дээрх балагт хуулиудын үйлчлэлийг зогсоохоос гадна “Ашигт малтмалын тухай хууль”-иар алтны нөөц ашигласны төлбөрийг 2.5 хувиар тооцож, өсөн нэмэгдэх нөөц ашигласны төлбөрийг “0” хувьтай байхаар баталсан нь халуун эх орончдын тавьсан галыг намжаахад ихээхэн тус болох байх аа.
Гал тавьсан нь хэн бэ?
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалангийн галын дохио, зарын дагуу гарсан ГАЛЫН ДҮГНЭЛТ дуусч байна. Эдийн засагт гарсан гал нэг л өдрийн ажил байдаггүй юм. Энэ бол өргөн цар хүрээтэй, бодлогогүй, сэтгэлгүй ажлуудын нийлбэр дүн байдаг.
Галын эх үүсвэрүүдийг хөөж, шинжилж явсаар бид энэ бүхэнд МАН, түүний байгуулж байсан Засгийн газрууд буруутай юм байна гэдэг нэгдсэн ойлголтод хүрлээ. Л.Энх-Амгаландаа баярлалаа. Та дэргэдээ суугаа журмын нөхдийнхөө балгийг биднээр илчлүүлэх гэж арга сэдсэн байна шүү дээ, зөв! Улс төрч болох гэж зорьж байгаа хүн ийм л аргаар намаа цэвэрлэдэг, илчилдэг байх ёстой байх. Өөрөө шуудхан илчлээд, загнаад унавал нам дотроо байж суухад хэцүүдэх байлгүй. Ухаан зарсан мэхийг чинь эрэн сурвалжлагч бид гүйцээлээ. Гал тавьсан хүмүүс тодорлоо.
Шинэчлэлийн Засгийн газар танай намынхны тавьсан галыг унтраах гэж хамаг цаг, хүчээ барж байгаа. Нааштай үр дүн гарч эхлэсэн. Тэгэхээр эрхэм гишүүний илчлэл галын хорлолыг богино хугацаанд дарах үйлст хувь нэмэр болж байгаа нь лавтай.
Хэтэрхий мэргэн жараахайнууд олширч, үнэнийг үзэгдлээс ялгаж, салгахад хэцүү болсон ч “Үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцэхийн” үлгэрээр ҮНЭН тодорч байна. Ард түмэн тэнэг биш ээ. Тэд хэн гал тавьсныг, хэн унтрааж байгааг, хэн унтраахыг хүсэхгүй байгааг харж байгаа. Түймэр тавигсад түүнийг унтраагчдыг баалах нь цөвүүн цагийн шинж ажгуу.
24tsag.mn
Сэтгэгдэл (1)