Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр өчигдөр Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын Евроазийн өрсөлдөх чадварын хөтөлбөрийн захирал Анионио Соммаг хүлээн авч уулзжээ. Уулзалтын үеэр ноён А.Сомма Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын зүгээс манай талтай хамтран хэрэгжүүлэх боломж бүхий “Уул уурхайн салбарын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх төсөл”, “Эдийн засгийн төрөлжилтийн төсөл”, “Авлигатай тэмцэх төсөл”-үүдийн явцын талаар мэдээлэл өгсөн байна.
Тус хөтөлбөрөөс санаачлан хэрэгжүүлэх гэж буй төслүүдийг Монгол Улсын Засгийн газраас дэмжиж буйгаа илэрхийлээд эрдэс баялаг бүхий орнуудад “Голланд өвчин” хэмээн тархсан эдийн засгийн хямралт үзэгдлийн талаар түүнтэй санал солилцлоо. Улмаар “Голланд өвчин”-ий аюулыг дайрч бус тойрон өнгөрөхөд Эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын зүгээс хамтран ажиллаж, мэдээлэл, практикийн туслалцаа үзүүлэхийг хүссэн байна.