Хэрэглээний үнийн улсын индекс өнгөрсөн хоёрдугаар сард оны эхнээс 2.7 хувиар өссөн
талаар Үндэсний статистикийн хорооноос урьдчилсан байдлаар мэдээлжээ. Тодруулбал хэрэглээний үнийн индексийн өсөлт жилийн өмнөхтэй харьцуулахад 0.1 хувиар харин 2012 онтой харьцуулахад хоёр дахин багасчээ.
Нэгдүгээр сартай харьцуулахад эсрэгээрээ инфляци 0.9 хувиар өссөн дүнтэй байна. Үүнээс гадна оны эхэнд өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний эрэлт огцом нэмэгддэг үе буюу сар шинийн баяр тохиосон хэдий ч инфляцийн өсөлт гурван жилийн доод хэмжээндээ хадгалагдсан гэлээ.
Харин инфляцийн өсөлтийг аймаг тус бүрээр нь авч үзвэл Увс аймагт хамгийн бага буюу өөрчлөлтгүй гарсан бол Ховд аймагт 1.9 хувиар өссөн нь хамгийн эрчимтэй өсөлт болж байгаа аж.