Эрчим хүчний сайд М.Сономпил тэргүүтэй төлөөлөгчид энэ сарын 3-7-нд АНУ-ын Калифорни мужид айлчилж байна.
Айлчлалын хүрээнд төлөөлөгчид тус мужийн Эрчим хүчний комисст зочлон сэргээгдэх эрчим хүчний талаар дугуй ширээний уулзалт хийж, Монгол Улс, Калифорни мужийн эрчим хүчний салбарын өнөөгийн байдал, сэргээгдэх эрчим хүчний бодлого, хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийн талаар мэдээлэл солилцож, хамтын ажиллагааны боломжийн талаар ярилцав.
Түүнчлэн манай төлөөлөгчид эрчим хүч нийлүүлэгч нийтийн үйлчилгээний “Пасифик газ, электрик” (Pacific Gas and Electric), сэргээгдэх эрчим хүчний салбарт тэргүүлэгч “Брайт Соурс Энержи” (Bright Source Energy) компаниудын үйл ажиллагаатай танилцжээ.
Калифорни байгаль орчинд ээлтэй эрчим хүчний эх үүсвэр хөгжүүлэх, сэргээгдэх эрчим хүч ашиглах, шинэ технологи нэвтрүүлэх чиглэлээр улсдаа тэргүүлдэг муж юм. Одоогийн байдлаар тус муж нь эрчим хүчний хэрэглээнийхээ 22 хувийг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээс үйлдвэрлэж байгаа бөгөөд 2020 он гэхэд нийт эрчим хүчний хэрэглээнийхээ 33 хувийг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээр хангах зорилт тавьж буй. Энэ зорилтодоо хүрэх бүрэн боломжтой байгаа ажээ.