Дэлхийн зах зээлд зэсийн үнэ 1.4 хувиар буураад байна. Өчигдрийн байдлаар Лондоны металын бирж дээр нэг тонн зэсийн гурван сарын гэрээт үнэ 7055 ам.доллар болж буурсан нь өнгөрсөн нэгдүгээр сарын сүүлээс хойшхи хамгийн огцом бууралтад тооцогдож байна. Мөн түүнчлэн Нью-Йоркийн COMEX бирж дээр зэсийн үнэ нэг фунт нь 3.22 доллар болж буурчээ.
Ийнхүү буурсан нь Хятадын шинэ орон сууцны барилгажилтын явц удааширч магадгүй гэсэн сөрөг мэдээлэлтэй холбоотой ажээ. Тус улсын томоохон зээлдэгч байгууллагууд болох “Industrial Bank”, “Bank of Communications” энэ төрлийн зээл олгохоо зогсоосон тухай орон нутгийн хэвлэлүүд мэдээлжээ. Гэхдээ Хятадын гол зээлдэгч банкууд барилгын компани болон орон сууц худалдан авагч иргэдэд зээл олгохоо зогсоосон нь ор үндэсгүй худал мэдээлэл болохыг хариу мэдэгдээд байна
Хэдийгээр Лондоны металын биржийн агуулах дахь зэсийн нөөц сүүлийн 14 сарын хугацаан дахь хамгийн доод хэмжээнд хүрч 282.4 мянган тонн болсон ч Шанхайн биржид эсрэг дүнтэй байна. Уг биржийн зэсийн нөөц 13.7 мянган тонн буюу 7.6 хувиар өссөнөөр сүүлийн есөн сарын хугацаан дахь дээд хэмжээнд хүрч, 194 мянган тонн болжээ. Энэ нь тус улсын барилгын материалын эрэлт багассаныг нотолж буй тухай Хятадад үйл ажиллагаа явуулдаг Австралийн “BlueScope Steel” ган үйлдвэрлэлийн компанийн төлөөлөл ярьжээ.