Төлбөрийн тэнцлийн урсгал дансны алдагдал 75.5 сая ам.долларт хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 79%-иар буюу 284.8 сая ам.доллараар буурсан аж. Үүнд, нэгдүгээрт барааны гадаад худалдааны дансны алдагдал 119%-иар буурч 29.0 сая ам.долларт, хоёрдугаарт үйлчилгээний худалдааны алдагдал 57%-иар буурч 65.5 сая ам.долларт, гуравдугаарт орлогын дансны алдагдал 11%-иар буурч 49.5 сая ам.долларт, дөрөвдүгээрт урсгал шилжүүлэг 99%-иар өсч 10.6 сая ам.долларт хүрсэн нь тус тус нөлөөлжээ.
Хөрөнгө, санхүүгийн дансны тэнцэл 290 сая ам.долларын ашигтай гарсан нь өнгөрсөн оны мөн үеэс 20%-иар буюу 48.6 сая ам.доллараар өссөн үзүүлэлт ажээ. Энэ нь Монгол Улсад орох гадаадын шууд хөрөнгө оруулалтын ашиг өмнөх оны мөн үеэс 36%-иар буюу 101.3 сая ам.доллараар, бусад хөрөнгө оруулалт 65%-иар буюу 32.1 сая ам.доллараар тус тус буурсан ч багцын хөрөнгө оруулалтын ашиг 114.1 сая ам.доллараар өссөнөөс шалтгаалжээ.