Энэ сарын 15-наас эхлэн “China Railway Corp” буюу Хятадын төмөр замын компани тээвэрлэлтийн тарифаа км тутамд 0.015 юань/тонноор нэмэгдүүлж 0.1451 юань/тонн болгожээ. Ингэснээр Хятадын төмөр замын тариф 11.5 хувиар нэмэгдсэн байна.
Энэ нь Хятадын хувьд 2003 оноос хойшхи хугацаанд төмөр замын тээврийн тарифыг нэмэгдүүлсэн арав дахь удаагийн алхам болж байна.
Тус улсын “Daqin Railway” компанийн хувьд энэ жил төмөр замын тээврийн тарифын нэмэгдлээр 4.3 тэрбум юанийн нэмэлт орлого хийх төлөвтэй байна. Учир нь тус компанийн мэдэлд Хятадын нүүрсний тээвэрлэлтийн хамгийн гол суваг болох Daqin, Jingyuan болон Fengshada шугам байдаг юм. Тус компанийн шугамын тээвэрлэлтэд өмнө нь тусгай тариф мөрдөж ирсэн ч одооноос бусад шугамтай адил тарифын зарчим мөрдөгдөх ажээ.
Нүүрсний тээвэрлэлтэд үндсэн тариф км тутамд 13.8-15.5 юань/тонн, ашиглалтын үнэ 0.0753-0.089 юань/тонн болж буй ажээ. Угаасан нүүрсний хувьд үндсэн зардал нь 15.4-17.3 юань/тонн, ашиглалтынх нь 0.0849-0.096 юань/тонн болж нэмэгджээ.