
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, БНХАУ-ын дарга Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нарын гурван талт уулзалт дэлхийн улс төрийн анхаарлыг татлаа. Гэвч түүхэн хэмээн нэрлэгдсэн энэхүү уулзалтаас томоохон тохиролцоо гараагүй бөгөөд гурван гүрний удирдагчид харилцан яриа өрнүүлсэн нь өөрөө гол үр дүн байв.
Гурван улсын удирдагч энэ сарын 19-нд БНХАУ-ын Шэньжэнь хотод болсон Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны (APEC) дээд хэмжээний уулзалтын үеэр анх удаа гурван талт хэлэлцээ хийсэн юм. Уулзалт 81 минут үргэлжилжээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, БНХАУ-ын дарга Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нарын Шэньжэнь хотод хийсэн түүхэн гурван талт уулзалтаас таван гол үр дүнг онцолж байна.
CNN-ийн мэдээлснээр, гурван улсын удирдагчид томоохон тохиролцоонд хүрэх магадлал бага гэдгийг уулзалтын өмнө албаныхан хүлээн зөвшөөрч байжээ. Үнэхээр ч дипломат томоохон ахиц гаргахаас илүүтэйгээр гурван удирдагч нэг ширээний ард сууж, харилцан яриа өрнүүлсэн нь уулзалтын гол ач холбогдол болсон байна.
1. Уулзалтын гол зорилго юу байв?

81 минут үргэлжилсэн уулзалтаар гурван улсын хоорондох дайн, эдийн засаг, дэвшилтэт технологийн салбар дахь бүх зөрчлийг шийдвэрлэх боломжгүй байлаа.
Уг уулзалтыг анх Путин санаачилсан бөгөөд Украины дайны асуудлыг Украины төлөөлөгчдийг оролцуулахгүйгээр хэлэлцэх зорилготой байв. Энэ нь 1945 оны Ялтын бага хуралтай адилтгагдаж, Киевт түгшүүр төрүүлсэн юм.
Харин Трамп дэлхийн цөмийн зэвсэгтэй томоохон гүрнүүдийн хооронд зэвсэглэл хорогдуулах шинэ гэрээ байгуулах асуудлыг хөндөхийг илүүд үзжээ. Гэвч Хятад улс АНУ, ОХУ-тай харьцуулахад цөмийн цэнэгт хошууны нөөц харьцангуй бага тул ийм хэлэлцээрт нэгдэх сонирхол төдийлөн илэрхийлээгүй байна.
2. Удирдагчид хувийн харилцаагаа бэхжүүлэхийг зорив
Трамп сүүлийн хоёр жилийн хугацаанд Ши Жиньпин, Владимир Путин нартай хувийн харилцаагаа бэхжүүлэхэд ихээхэн анхаарч ирсэн. Тэрбээр хоёр удирдагчтай тус тусын уулзалт хийхдээ хоёуланг нь “найз” хэмээн нэрлэжээ.
Трамп Ши Жиньпинд хандан “Бид хоёрыг удирдаж байгаа цагт ямар ч асуудал гарахгүй гэж бодож байна” хэмээн хэлсэн байна.
Гэвч тэдний дотно харилцаа бодит үр дүнд хараахан хүрээгүй. Тухайлбал, Трамп Путинтэй өнгөрсөн жил Аляскад уулзсан ч Украины дайн дуусаагүй хэвээр байна. Мөн АНУ, БНХАУ-ын хооронд худалдаа, газрын ховор элементийн нийлүүлэлттэй холбоотой маргаан үргэлжилж байгаа юм.
3. Украин, Ираны дайны асуудал

Трамп, Путин нар тус тусын дайны асуудлаар хүнд нөхцөл байдалтай тулгарч байна. АНУ-ын Ирантай хийж буй дайн, ОХУ-ын Украины эсрэг эхлүүлсэн дайн нь цэргийн нөөцийг шавхаж, дэлхийн зах зээлд үнийн өсөлт бий болгожээ.
Трамп хоёр дайны асуудлаар Ши Жиньпин, Путин нартай ярилцахыг хүссэн байна. Учир нь БНХАУ, ОХУ хоёулаа Тегерантай харилцаатай байдаг.
Трамп Украины дайныг албан тушаалдаа орсноос хойш 24 цагийн дотор дуусгана гэж амлаж байсан ч энэ амлалтаас хойш 667 хоног өнгөрчээ. Гэсэн хэдий ч Украины болон Ираны төлөөлөгчид оролцоогүй уулзалтаар эдгээр дайныг зогсоох бодит ахиц гаргах боломж хязгаарлагдмал байв.
4. Хиймэл оюун ухааны салбар дахь өрсөлдөөн

Трампын БНХАУ-д хийсэн айлчлалын үеэр хиймэл оюун ухааны салбар дахь АНУ, Хятадын өрсөлдөөн мөн анхаарал татжээ. Nvidia компанийн гүйцэтгэх захирал асан Женсен Хуан болон Хятадын тагнуулын байгууллагатай холбоотой гэх асуудал АНУ-ын улс төрийн хүрээнд маргаан дагуулж байв.
АНУ-ын засаг захиргааны зарим төлөөлөгч Хятадад хамгийн дэвшилтэт хиймэл оюун ухааны чип нийлүүлэхийг хязгаарлах байр суурьтай байгаа бол Трамп ийм алхам нь технологийн хөгжлийг боомилж болзошгүй гэж үзэж байна.
Тэрбээр “Бид энэ технологийн асар их боломжийг үгүй хийхийг хүсэхгүй байна. Дэлхий нийтийг хамарсан зохицуулалтын аливаа хэлбэрийг эсэргүүцэж байна” гэж мэдэгджээ.
5. Ши Жиньпин Хятадын дипломат байр суурийг бэхжүүлэв
Уулзалтыг зохион байгуулсан нь Ши Жиньпинд олон улсын тавцанд Хятадын нөлөөг харуулах боломж олгосон байна. Тэрбээр АНУ, ОХУ-ын удирдагчдыг нэг ширээний ард суулгаж чадсанаар Хятадыг дэлхийн томоохон гүрнүүдийн хооронд зуучлах, хэлэлцээ зохион байгуулах чадамжтай улс гэдгийг харуулахыг зорьжээ.
Мөн гурван талт уулзалтаас тодорхой, заавал биелүүлэх шинжтэй тохиролцоо гараагүй нь Бээжингийн хувьд ашигтай байв. Учир нь Хятад улс Украины ирээдүйн талаар Ялтын бага хурлыг санагдуулам хэлэлцүүлэг өрнүүлэхээс болгоомжилж байсан аж.
Ингэснээр Ши Жиньпин АНУ-тай эн зэрэгцэн дэлхийн асуудлаар байр сууриа илэрхийлэх боломжоо нэмэгдүүлсэн ч тодорхой үүрэг, амлалт хүлээх шаардлагагүй үлджээ.
Л.Баяр























































Сэтгэгдэл (1)