ЦХИХХЯ иргэдийн гомдлыг шийдсэн эсэхийг эргэн мэдэгдэх холбоог сайжруулахаар Засгийн газар болон 11-11 төвтэй хамтран ажиллаж байна.
Учир нь төрийн үйлчилгээ цахимжсан хэдий ч төрд буй мэдээллийг төрийн дараагийн байгууллага, иргэнээс нэхдэг байдал хэвээр байгаа юм. Иймд төрийн мэдээлэл солилцооны ХУР систем, танилт нэвтрэлтийн ДАН системийн ард ажилладаг мэдээллийн технологийн мэргэжилтнүүдтэй асуудлыг шийдэх уулзалтыг энэ сарын 22-нд зохион байгуулна. Тухайлбал, иргэн лавлагаа авахад гар утас руу нь “Төрийн байгууллагаас таны тухай мэдээлэл лавлагааг авах гэж байна. Та зөвшөөрөх үү” гэсэн мэдэгдэл ирнэ. Иргэн зөвшөөрвөл төрд буй мэдээллийг авч, тухайн иргэнийг заавал биеэр ирүүлдэг байдлыг хална” гэдгийг ЦХИХХ-ны сайд Ц.Баатархүү олон нийттэй харилцах 11-11 төвд ажиллах үеэрээ онцлов.
Тус төв иргэдийн санал гомдол авч буй системээ хөгжүүлж, нэгдсэн стандартад оруулах, тайлан боловсруулахад анхаарч, тухайн асуудлыг хариуцсан дарга нарын цахим шуудан, утасны дугаарт автоматаар холбох, хувийн хэвшлийн хөгжүүлсэн хиймэл оюунд суурьтай технологийг ашиглах тухай хөндлөө. Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвийн дарга Г.Одгарав “Иргэдээс ирсэн санал, гомдол, хүсэлт, өргөдлийн тайлан мэдээллийг боловсруулахад асуудал бий. Шинэ технологи нэвтрүүлчихээд алхам тутамд хөгжүүлдэггүйгээс болоод ашиглаж чаддаггүй. Хамтран ажилласан систем хөгжүүлэгч компаниудаа шахаж ажиллаж байна” гэв.
“И-Монгол академи”-ийн захирал Б.Мягмарнаран “Сүүлийн үед эрүүл мэндийн байгууллагатай холбоо гомдол их ирж байна. Эмчид үзүүлдэг цагийг цахимаар өгөхгүй байна гэх гомдол олширлоо. Гэтэл бодит байдал дээр эмнэлгүүд өөрсдөө ачааллаа дийлэхээ болиод ирэхээрээ цахимаар цаг өгөхөө больдгийг иргэд ойлгохгүй И-Монгол ажиллахгүй байна гэдэг”-ийг хэлэв.
11-11 төвд ирсэн мэдээллийг боловсруулж, зөвхөн тоо хараад шийдэл гаргах хэцүү. Учир шалтгааныг нь зөв тодорхойлоход технологийн шийдэл ашиглана. Эхний ээлжинд өргөдөл, санал, гомдол, хүсэлтээ ялгаж, холбогдох албан тушаалтанд хурдан хугацаанд хүргэхийг зорьж буй. Энэ мэт тулгамдаж буй асуудлаа ярьж, үр дүн гаргахад анхаарна.
Тус төв нь 10 операторын орон тоотой ч 8 хүн ажилладаг. Төрийн үйл ажиллагаатай холбоотой иргэдийн санал, гомдол, хүсэлт, өргөдлийг 11-11 утас, цахим шуудан, киоск, дуут шуудан, фэйсбүүк, аппликейшн, вэб хуудсаар авахаас гадна иргэд биечлэн ирж өгдөг. 21 хоногийн статистикаас харахад 8042 хүн хандсанаас 7500 нь утсаар, үлдсэн нь бусад сувгаар санал, гомдлоо өгчээ. Цаашид иргэдээс ирүүлсэн дээрх мэдээллийг боловсруулж, шуурхай шийдэхэд түлхэц болох алхмыг дэвшилтэт технологид суурилан хийхээр зорьж байгаа аж.