Өдгөөгөөс 100 жилийн өмнө буюу 1924 оны 11 дүгээр сарын 26-нд Ардын бүрэн эрхт Бүгд Найрамдах Улсыг тунхаглан, анхдугаар Үндсэн хуулиа баталсан билээ. Үүнээс хойш Үндсэн хуульд 1940, 1960, 1992 онд өөрчлөлт орсон байдаг. Энэ жил Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ой тохиож буй. Үүнтэй холбогдуулан 1940 оны Үндсэн хууль буюу хоёрдугаар Үндсэн хуулийн тухай онцлох таван баримтыг хүргэж байна.
БАРИМТ 1
Анх Шүүх яамны сайд Г.Цэрэндорж 1924 оны Үндсэн хууль хоцрогдсон байна, бид үндсэн хуулиа шинэчлэх шаардлагатай байна гэх саналыг гаргаж байв. Тухайлбал,
- Нэгдүгээрт, Үндсэн хуулийн зүйлд феодал, лам нарын ёс журам байгуулалтын нөлөө хэвээр байна.
- Хоёрдугаарт, Үндсэн хуульд засаг төрийн байгуулалт тодорхой гараагүй байна.
- Гуравдугаарт, Ардын хувьсгалаар олсон эрх чөлөө, төрийн бодлого бүрхэг байгаа учир 1924 оны Үндсэн хуулийг халах ёстой хэмээн үндэслэл гаргасан.
Үүний зэрэгцээ шинээр боловсруулах үндсэн хуульд гурван зүйлийг зайлшгүй тусгах шаардлагатай хэмээн саналаа хэлсэн.
- Шинэ үндсэн хуульд Феодалын үзэл суртлыг устгаж, эсэргүүцсэн чанарыг хадгалах.
- Шүүх прокурорын байгууллагын байгуулалтыг тусгах.
- Улсын сүлд тэмдгийг үндэсний хөгжил байдалтай уялдуулан өөрчлөх хэрэгтэй гэсэн байдаг.
1939 оны аравдугаар сарын 12-ны өдөр МАХН-ын төв хорооны тэргүүлэгчдийн 14 дүгээр хурал хуралдсан. Хуралдаанаар хоёр үндсэн шийдвэр гаргасан. Нэгдүгээрт, 1924 оны Үндсэн хууль цаг үеийн шаардлагад нийцэхээ больсон байна. Иймд 1940 оны хоёрдугаар сард УИХ-ыг хуралдуулах бэлтгэл ажлыг хангах чиглэл өгсөн. Төсөл боловсруулах комиссын даргаар Маршал Х.Чойбалсанг томилсон. Үүнээс сарын дараа буюу 1939 оны арваннэгдүгээр сард Улсын бага хурлын тэргүүлэгчид сайд нарын зөвлөлийн хамтарсан тогтоолоор УИХ-ын төлөвлөгөө боловсруулах 35 хүний бүрэлдэхүүнтэй комиссыг байгуулсан байдаг. Ийнхүү 1939 оны арванхоёрдугаар сар гэхэд Үндсэн хуулийн төслийг боловсруулж дууссан байдаг.
БАРИМТ 2
1939 оны арваннэгдүгээр сарын 22-нд Үндсэн хуулийн комиссын анхдугаар хурал болж, таван ажлын дэд хэсгийг байгуулсан.
- Улсын нийгэм зохион байгууллалтын комисс
- Улсын зохион байгуулалтын комисс
- Сонгуулийн журмын тухай комисс
- Шүүх ба прокурорын комисс
- Ард иргэдийн үндсэн эрх, үүргийн тухай комисс
Ийнхүү Үндсэн хуулийн төслийг 22 хоногийн хугацаанд боловсруулж бэлэн болгосон. Үүний дараа сайд нарын зөвлөл, Улсын бага хурлын тэргүүлэгчдэд хүргүүлсэн. 1939 оны арванхоёрдугаар сарын 4-нд Улсын бага хурлын тэргүүлэгчид, сайд нарын зөвлөлийн тогтоол гарч, Үндсэн хуулийн төслийг бүх ард түмнээр хэлэлцүүлэх шийдвэр гаргаж байжээ.
БАРИМТ 3
Үндсэн хуулийн төслийг 1939 оны арванхоёрдугаар сард боловсруулж дууссан байдаг ч 1940 оны дөрөвдүгээр сарын 16-20-ны хооронд хэвлэсэн. Тухайлбал, Үндсэн хуулийг хэвлэтэл 124 хоног удсан. Учир гэвэл, 1939 оны арваннэгдүгээр сарын 14-ны өдөр Үндсэн хуулийн төслийг боловсруулах комисс байгуулагдсан. Энэ өдрөөс дөрөв хоногийн дараа буюу арваннэгдүгээр сарын 18-ны өдрөөс 1940 оны нэгдүгээр сарын 18-ны өдрийн хооронд Маршал Х.Чойбалсан ЗХУ-руу айлчилсан. Айлчлалын хүрээнд хэд хэдэн асуудлыг Зөвлөлтийн талд шийдвэрлүүлэхээр тавьсны нэг нь БНМАУ-ын шинэ Үндсэн хуулийн төслийн талаар санал зөвлөгөө авах явдал байсан. Энэ Үндсэн хуулийн төслийн нэр бол Хувьсгалт БНМАУ. 13 бүлэг 122 зүйлтэй хуулийн төсөл юм. Энэ төслийг тусгайлан үзэж зөвлөгөө өгөх комиссыг гаргасан. Энэ комисс Үндсэн хуулийн төсөлд хэд хэдэн дүгнэлтийг хийсэн.
- Нэгдүгээрт, Монголчуудын боловсруулсан Үндсэн хуулийн төсөл бол Зөвлөлтийн Үндсэн хуулиас механикаар хуулбарласан байна. Энэ бол буруу.
- Хоёрдугаарт, Хууль тогтоох болон гүйцэтгэх засаглал хоорондын эрх үүргийг хольсон байна гээд 21 зүйл заалтын өөрчлөхийг өөрчилж, хасахыг нь хассан байна.
Ингээд 12 бүлэг 95 зүйлтэй шинэ хуулийн төслийг гаргаж ирсэн. 1940 оны Үндсэн хуулийн төслийг боловсруулахад Зөвлөлтийн оролцоо их байсныг эндээс харж болох юм.
БАРИМТ 4
1940 оны зургаадугаар сарын 20-ны 17:00 цагт Бөмбөгөр театрт Улсын наймдугаар их хурал болсон. Наймдугаар хурлыг Маршал Х.Чойбалсан нээж үг хэлсэн байдаг. УИХ-ын тэргүүлэгчдэд мөн л 36 хүнийг томилсон. Харин хүндэт тэргүүлэгчдэд Болгар, Германы комисстуудыг тавьж байдаг нь тухайн цаг үеийн байдалтай холбоотой аж.
Ийнхүү Үндсэн хуулийг батлахад нийт 532 төлөөлөгч ирэхээс 483 төлөөлөгч ирсэн. Үүний 399 нь эрэгтэй, 84 нь эмэгтэй. Бичиг үсэг үл мэдэх 93 хүн. Нэг хүний хуралд суух эрхийг хасан хөөн явуулсан. Тэр хүн бол Өмнөговь аймгийн Мийгаа гэх нэртэй хүн байжээ. Түүнийг 1932 оны бослогод оролцож явснаа нуусан нь илэрсэн тул хуралд суух эрхийг хассан аж. Ийнхүү Үндсэн хуулийг төслийг хэлэлцэв.
БАРИМТ 5
1940 оны зургаадугаар сарын 30-нд Ю.Цэдэнбал Үндсэн хуулийн төслийг зүйл бүрээр нь уншиж, Үндсэн хуулийг баталсан. 1940 оны Үндсэн хуулийг Х.Чойбалсангийн Үндсэн хууль хэмээн нэрлэх нь бий. Х.Чойбалсангийн Үндсэн хууль бол 1924 оны Үндсэн хуулийг залгамжилсан шинжтэй, социалист хэв маягтай, программист шинтэй аж.
Үндсэн хуульд шүүх, прокурорын байгуулалтын талаар шинэ зүйл орсон. Үүнийг долоодугаар бүлэг болгон тусгажээ. Үндсэн хуульд МАХН-ын нийгмийн бүх байгууллагуудыг удирдан жолоодох эрхийг хуульчилсан байдаг. Мөн 1924 оны хуульд байхгүй цоо шинэ зүйл, заалт орж ирсэн нь БНМАУ-ын Үндсэн хуулийг өөрчлөх журам. Ийм өөрчлөлтүүд орсон байдаг.
Сэтгэгдэл (1)