Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев 2024 оны 10 дугаар сарын 28-29-ний өдөр төрийн айлчлал хийх гэж байна.
Казахстан нь 1991 онд Зөвлөлтийн Бүгд Найрамдах Улсуудаас хамгийн сүүлд тусгаар тогтнолоо зарлаж, 1997 онд нийслэлээ Астанад шилжүүлсэн түүхтэй. Нутаг дэвсгэрийн хэмжээгээр дэлхийд есдүгээрт ордог, 2,724,900 хавтгай дөрвөлжин км газар нутагтай. ОХУ, БНХАУ, Киргиз, Узбекистан, Туркменистан улстай хиллэдэг. Далайд гарцгүй орон юм. Төрийн хэл нь казах, албан ёсны хэл нь орос. 14 муж, 170 район, 89 жижиг хот, 29 суурин, 6,293 тосгонтой. Тусгаар тогтнолын баяр нь 12 дугаар сарын 16, Улс тунхагласны баяр нь 10 дугаар сарын 25-ны өдөр тохиодог.
Хууль тогтоох засаглал нь хоёр танхимтай
Казахстаны парламент Сенат (Дээд танхим), Мажилис (доод танхим) гэсэн байнгын үйл ажиллагаатай хоёр танхимтай. Сенатын танхим 50 суудалтай, 40 гишүүнийг мужийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас сонгож, 10 гишүүнийг, үүний 5 гишүүнийг Казахстаны Үндэсний Ассамблейгээс Ерөнхийлөгч томилдог. Бүрэн эрхийн хугацаа зургаан жил. Гурван жил тутамд 50 хувь нь сонгогддог.
Мажилис нь 98 суудалтай. 70 хувь нь пропорциональ системээр намын жагсаалтаар, 30 хувь нь мажоритар системээр жижиг тойргоос сонгогддог. Бүрэн эрхийн хугацаа нь таван жил.
Казахстан Улс 20 сая хүн амтай Нийт хүн амын 70,4 хувь нь казах, 15,5 хувь нь орос, 3,2 хувь нь узбек, 1,5 хувь нь украин бол үлдсэн хувийг уйгар, татар, герман, белорус, азербайжан, турк, солонгос, чечен эзэлдэг. 120 орчим үндэстэн, ястан амьдардаг. Хүн амын 70,19 хувь нь лалын /суннит/, 26,17 хувь нь христийн, 0,09 хувь нь буддын шашинтай. Эрэгтэйчүүдийн дундаж наслалт 66,3, эмэгтэйчүүдийнх 74.
Нийслэл Астана хотод 1,4 сая хүн оршин суудаг
Астана хот таван дүүрэгтэй. Еврази тивийн төв хэсэгт байрладаг учир тээвэр, харилцаа холбоо, логистикийн хувьд эдийн засгийн ашигтай төв болж, Европ, Азийг холбосон гүүр нь болдог. Хотын эдийн засгийн өсөлт нь хөрөнгө оруулагчдыг татдаг бөгөөд худалдаа, аж үйлдвэрлэл, тээвэр, харилцаа, холбоо, барилгын салбарт суурилдаг. Хотын архитектурын шийдэл нь Евразийн тусгай хэв маягийг дорнод ба барууны соёл, уламжлалыг хослуулсан. Хотын гол бэлгэ тэмдэг нь Байтерек цамхаг юм. Эрс тэс уур амьсгалтай. Зундаа +40 хэм, өвөлдөө -40 хэм хүрэх тохиолдол бий. Дэлхийн хамгийн хүйтэн нийслэлийн жагсаалтад Улаанбаатар хотын дараа хоёрдугаарт ордог.
Дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ нь 291 тэрбум ам.доллар
2023 оны байдлаар Дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 291 тэрбум ам.долларт хүрч, дэлхийд 53 дугаар байранд ороод байна. Нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ 14,778 ам.доллар. Дундаж цалин 285 433 тенге буюу 604,7 ам.доллар. Эдийн засгийн гол салбар нь байгалийн хий, газрын тос, уул уурхайн бусад олборлолт, машины үйлдвэрлэл, хөнгөн үйлдвэр, хүнс, хөдөө аж ахуй, мал аж ахуй, газар тариалан.
Казахстан Улс 120 гаруй улстай худалдаа хийдэг
Худалдааны гол түнш нь ОХУ. Гадаад худалдааны нийт эргэлт 139.9 тэрбум ам.доллар, үүнээс экспорт 78.7 тэрбум, импорт 61.2 тэрбум ам.доллар байна. Хар болон өнгөт металл, хүдрийн түүхий эд, түлш, газрын тос, газрын тосны бүтээгдэхүүн экспортолж, машин, тоног төхөөрөмж, тээврийн хэрэгсэл, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн импортоор авдаг. Газрын тосны хэмжээгээр дэлхийд 12, чулуун нүүрс ес, уран, вольфрам нэг, хром, фосфор хоёр, тугалга, молибдены нөөцөөр дөрөвдүгээр байрт ордог.