Шилэн дансны мэдээллийг ил гарган шүгэл үлээдэг МАН-ын Бага хурлын гишүүн, дэд сайд асан Б.Цогтгэрэлийн дөнгөж сая дэлгэсэн мэдээллээр улс орны зээлжих зэрэглэлийг тогтоодог “Standart&Poor’s”-д 105 мянган ам.долларыг Монгол Улсын Хөгжлийн банк төлсөн байна. Энэ нь одоогийн ханшаар 354.994.500 төгрөг болж байгаа юм.
Тэрбээр, ““Standart&Poor’s rating servises” зээлжих зэрэглэл тогтоогч байгууллагад 105.000 доллар буюу 354.994.500 төгрөг тушаажээ. За ойлгох нь ойлгож байгаа биз. Би бол савж уналаа” хэмээн өөрийн Шилэн Цогоо сошиал хаягаар мэдээлсэн.
Өнгөрсөн есдүгээр сарын дундуур олон улсын зээлжих зэрэглэлийг тогтоодог “Fitch” агентлагаас Монгол Улсын зээлжих зэрэглэлийг “В+ тогтвортой” түвшинд хүрсэн хэмээн зарлаж байлаа. Үүнийг нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрийн сошиал хуудсаар зарлаж байв.
Шилэн Цогоогийн мэдээлэлд дурдсан Монгол Улсын Хөгжлийн банкнаас 105 мянган ам.доллар шилжүүлээд байгаа “Standart&Poor’s” нь мөн л олон улсын зээлжих зэрэглэлийг тогтоодог хэдхэн байгууллагын нэг бөгөөд “Fitch” агентлагийн мэдээллээс яг хоёр долоо хоногийн дараа Монгол Улсын зээлжих зэрэглэлийг “В+ эерэг” хэмээн зарласан юм. Монгол Улсын зээлжих зэрэглэлийг тогтоосон мэдээлэлдээ “Засгийн газрын өрийн оновчтой удирдлагын нөлөөгөөр хөнгөлөлттэй нөхцөлөөр санхүүжилт татах боломж үргэлжилж байгаа нь Засгийн газрын өрийн дарамтыг бууруулж байна. УИХ-ын сонгуулийн үр дүнд улс төрийн тогтвортой байдал бий болж, бодлогын залгамж цааш үргэлжилнэ гэж үзэж байна” гэсэн байв.
Шилэн Цогоогийн өнөөдрийн дэлгэсэн баримтаас харвал олон улсын зээлжих зэрэглэлийг тогтоодог байгууллагуудад Монгол Улс мөнгө төлсөн нь олон эргэлзээг төрүүлж байна.
А.Болдбаатар
Сэтгэгдэл (6)