Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Монгол дахь Суурин төлөөлөгч Ханнес Такачийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд, Ц.Баатархүү сайд хамтарсан Засгийн газар 14 мега төслийг хэрэгжүүлэхээс хоёр нь цахим хөгжил, инновац, харилцаа холбооны салбартай хамааралтай, мөн их өгөгдөл, хиймэл оюуны хууль эрх зүйн орчтн бий болгохоор ажлын хэсэг ажиллаж байгааг онцлов.
Тэрбээр, “Үндэсний танилт нэвтрэлтийн ДАН системийг сайжруулах, аюулгүй байдлыг хангахад Европын сэргээн босголт, хөгжлийн банк зөвлөмж гаргаж өгсөнд талархаж байна. Төрийн байгууллагууд ХУР, ДАН систем ашиглан төрийн үйлчилгээг иргэн аж ахуйн нэгжид саадгүй хүргэх, мэдээлэл солилцох, цаасан суурьтай бичиг баримтыг хэрэглээнээс халахыг зорьж байна. Дроны зориулалтын туршилтын бүс байгуулна. ЦХИХХЯ ирэх дөрвөн жилд “Цахим эдийн засаг”-ийг бүтээх, тоон гарын үсгийн хэрэглээг хэвшүүлэхээр “Esign Client” программыг хөгжүүлэх төсөлд хамтран ажиллах саналтай байгаа”-гаа илэрхийлсэн юм.
ЕСБХБ-ны Монгол дахь Суурин төлөөлөгч Ханнес Такач, “Монголд цахим эдийн засгийг эрчимжүүлэхэд тулгарч буй бэрхшээл, боломжийг тодорхойлоход зөвлөж, техникийн туслалцааны хоёрдугаар үе шатыг эхлүүлэхэд бэлэн” гэдгээ тодотгоод, Монгол Улстай дата төв байгуулах, кибер аюулгүй байдлыг хангахад хамтран ажиллах боломжтойг тэмдэглэжээ.
Уулзалтын төгсгөлд ЦХИХХ-ны сайд Ц.Баатархүү Монголын стартап компаниудыг дэмжих хамтарсан хөрөнгө оруулалтын сан байгуулахад хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа онцолсныг тус яам мэдээлжээ.