Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнгөрөгч оны аравдугаар сард Франц улсад айлчилж, тус улсын ерөнхийлөгч Эммануэль Макронтой уулзсан. Энэ үеэр Монгол Улсын Засгийн газар болон Францын уран үйлдвэрлэгч "Орано майнинг” компанийн хооронд байгуулах хөрөнгө оруулалтын гэрээний төсөл боловсруулах ажлын хэсгийн хэлэлцээний протоколд гарын үсэг зурсан билээ. Гэсэн ч Монгол, Францын хоорондын 1.6 тэрбум ам.долларын уран олборлолтын гэрээ хөдлөхгүй, удаашрах шинжтэй болоод байв. Тэгвэл хөрөнгө оруулалтын гэрээг энэ сардаа багтаан хийж, үйл ажиллагаанд оруулна гэдгээ Аж үйлдвэр, Эрдэс баялагийн сайд Ц.Туваан наймдугаар сард болсон УИХ-ын ээлжит бус чуулганы үеэр "мэдэгдсэн".
Улмаар Зөөвч-Овоо ураны ордын нарийвчилсан судалгааг хийж буй "Бадрах Энержи"-ийн дэд захирлаар Ё.Отгонбаярыг томилоод буй. Түүний дэд захирлаар ажиллах "Бадрах Энержи" компанийн Засгийн газрын 34 хувийг хэрэгжүүлэгч нь "Мон-Атом”, 66 хувийг нь францын талын "Арева Монгол" ХХК эзэмшдэг. "Мон-Атом”-ын гүйцэтгэх захирал нь Д.Далайжаргал юм. Тэрбээр Ё.Отгонбаатарыг БСШУС-ын сайд байхад ТНБД-аар ажиллаж байв.
Ё.Отгонбаярын тухайд МАХН-ын угшилтай нэгэн. БСШУС-ын сайдаас эхлээд АНУ-д суух Онц бөгөөд бүрэн эрхэт Элчин сайд, МАН-ын даргын зөвлөхөөр ч ажиллаж байсан.
Тэрбээр томоохон төсөлд ажиллах, уран олборлох судалгааг хийж буй компанийн дэд байхад тохирохоор туршлагатай улстөрч хараахан биш. Энэ талд туршлага нимгэнтэй нь байхгүйтэй тэнцэнэ. Аж ахуйн ажил бараг л хийж байгаагүй намтартай. Улс төрөөс өчнөөн жил хол байсан ч ийнхүү томоохон төсөлд шургалсан нь бас л сонирхолтой. Энэ үйл явц нэг талаар Д.Далайжаргал яамны Төрийн нарийн бичгийн дарга байсан "өр"-өө ийнхүү төлж барагдуулж буй хэрэг шиг.
Үүн дээр "Бадрах Энержи"-ийн Дэд захирлаар томилогдсон МАН-ын Ё.Отгонбаяр тухайн төсөлд тэнцэх үү, францын талд хяналт тавьжбарах уу? гэдэг нэг асуудал хөндөгдөнө. Нэр төдий, дүр төдий томилгоо юм шиг хэрнээ давын цаанаа улс төрийн нүүдэл.
Түүнийг энэ олон жил түүх яриад л, дипломатч төлөвшилтэй л яваад байсан гэж бодож байна уу? Ё.Отгонбаатарын хамаарал бүхий "Мондулаан трейд" компани Хөгжлийн банкны хэрэгт холбогдсон гэж тухайн үед хэвлэлээр шуугиж байлаа шүү дээ. Улмаар тэрбээр нэр бүхий сэтгүүлчдийн амь насанд заналхийлсэн бичвэрийг Х хаягтаа бичиж, дараа нь уучлал хүсэж байв.
Цөмийн эрчим хүчний гол түүхий эд болох ураны нөөцийн 90 гаруй хувь нь дэлхийн 13 улсад бий, түүний нэг нь манай улс. Гэтэл ихээхэн ач холбогдолтой, эдийн засгийн өгөөж хүртэж мэдэх төсөлдөө энэ мэт улирсан улстөрчдийг залсаар байгаа нь нэг л байгаа онохгүй. Өнөө цагт "хуучин бууны хугархай" гэгчийн үлгэр болохгүй. Зүгээр л албан тушаалыг "андуудаараа, халаасны найзуудаараа, дарга цэргийн жам"-аараа хүртэж буй мэт нь гашуун үнэн.
Франц Улсын төрийн өмчит "Орано" групп болон Монголын төрийн өмчит "Мон-Атом" компанийн хамтарсан "Бадрах Энержи" компани 25 жил хайгуул судалгаа хийсний үр дүнд 100 гаруй тонны нөөцтэй, дэлхийд 10-т эрэмбэлэгдэх Зөөвч-Овоо ураны ордыг нээж илрүүлсэн гэж буй. Гэтэл энэ бэлэн зэлэн зүйл дээр дэд нэртэй Ё.Отгонбаяр түүх ярьж байгаад очоод суучихаар туйлын гажуудалтай.
М.Жаргал
Сэтгэгдэл (19)