Сургуульд суурилсан хүүхдийн эрүүл мэндийн эрт илрүүлгийн үндэсний тогтолцоог бий болгох, 1-р ангийн сурагчдыг нүд, шүд, зүрхний эрүүл мэндийн эрт илрүүлэг үзлэгт хамруулах зорилгоор Боловсролын яам, Эрүүл мэндийн яам, Боловсролын ерөнхий газар, “Орбис” Интернэйшнл олон улсын байгууллага хамтран ажиллаж байна.
Энэ хүрээнд нийслэлийн Баянзүрх, Хан-Уул дүүргийн төрийн болон хувийн өмчийн ерөнхий боловсролын 50 сургуульд холын, ойрын, стерео хараа шалгах багцыг хүлээлгэн өгөв.
Мөн сургуулийн удирдлага, эмч нарт 1 дүгээр ангийн сурагчдын хараа шалгах эрт илрүүлгийн үзлэгийн зохион байгуулалтын талаар мэдээлэл хийж, үзлэгийн маягтад тэмдэглэл хийж нүдний үзлэгийн бүртгэлийг eruulhuuhed.mn вэбэд суурилсан цахим программд хэрхэн оруулах, үзлэг зохион байгуулсан сургуулийн эмчийн туршлагыг хуваалцлаа.
Харааны үзлэгийн багц хүлээн авсан 50 ерөнхий боловсролын сургуульд 6 настай сурагчдын харааны үзлэгийг эхлэх өдрүүдэд ЭМЯ, “Орбис” Интернэйшнл олон улсын байгууллагын бэлтгэсэн 11 мэргэжлийн нүдний эмч нар сургуулиуд дээр хамтран ажиллаж илрүүлэг үзлэгийг чиглүүлэх юм.
Одоогийн байдлаар нийслэлийн ерөнхий боловсролын 21, 14, 163, 75 дугаар сургуулиуд 1-р ангийн сурагчдыг харааны үзлэгт хамруулах ажлыг зохион байгуулж эхлээд байна.