УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2025 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” тогтоолын төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн ипотекийн зээлийн талаарх асуултад хариуллаа.
Тэрбээр “Ипотекийн зээл авсан иргэн 30 жилийн хугацаанд тэнцүү хуваариар эргэн төлдөг. Үндсэн зээл эсвэл зээлийн хүүгээ урьдчилж төллөө ч дүнгийн хувьд адил.
Энэ он гарсаар 1 их наяд 130 тэрбум төгрөгийн зээлийг 9693 зээлдэгчид олгоод байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 2 дахин өссөн үзүүлэлт. Орон нутагт олгож буй 3 хувийн хүүтэй зээлд 2613 иргэнийг хамруулсан. Улаанбаатарт хотод олгосон зээлийн 37 хувь нь гэр хорооллоос орон сууцанд орсон зээл байна. Өнгөрсөн онд Төрөөс баримтлах мөнгөний бодлогыг батлахдаа орон сууцны зээлийг хот хөдөөд тэнцвэртэй олгохоор шийдвэрлэсэн. Өрхийн тооны харьцаа 50:50 байгаа бол мөнгөн дүнгийн хувьд орон нутагт 44 хувь, Улаанбаатар хотод 56 хувьтай байна.
Монголбанкнаас ирэх онд ипотекийн зээлийн хүртээмжийг нэмэхээр төлөвлөж байгаа. Хуримтлалын сан, арилжаанууд банкны болон эргэн төлөлтөөс санхүүжилтийг бүрдүүлэхийн зэрэгцээ ялгавартай эх үүсвэрийг ашиглах боломжтой гэж үзэж байгаа. Тухайлбал, Улаанбаатар хотын А бүсэд орон сууц худалдан авч буй тохиолдолд ипотекийн зээлийн хүүг 8-10 хувь болгож өсгөвөл эх үүсвэрийн хэмжээг 1,2-2 их наяд төгрөгт хүрэх боломжтой” гэв.