Монгол Улсын Засгийн газраас хилийн чандад оршин суугаа иргэдийн эрх ашгийг хамгаалах хүрээнд монгол иргэд олноор ажиллаж, амьдарч буй улс орнуудтай нийгмийн хамгааллын хоёр талын хэлэлцээрүүдийг байгуулан ажилладаг.
Монгол Улс, Австралийн Холбооны Улсын хооронд “Нийгмийн хамгааллын хэлэлцээр” байгуулахаар тохиролцож, яриа хэлэлцээг эхлүүллээ.
Нийгмийн хамгааллын хэлэлцээр байгуулагдсанаар хоёр улсын хооронд шилжин амьдарч буй иргэдэд тэтгэврээ тогтоолгох, тэтгэвэрт гарахад нь уян хатан байдал, сонголтыг бий болгохын зэрэгцээ бизнесийн зардлыг бууруулж, хоёр талын худалдаа, хөрөнгө оруулалтын боломжийг нэмэгдүүлэх нөхцөл бүрдэх юм.
Энэхүү хэлэлцээр нь Монгол Улс, Австралийн Холбооны Улсын хоорондын нийгмийн хамгааллын салбарын хамтын ажиллагаа төдийгүй иргэд хоорондын хэлхээ холбоог бэхжүүлэх, мөн бусад салбарт хоёр талын харилцааг хөгжүүлэхэд түлхэц болох юм.
Австрали Улсын Нийгмийн хамгааллын сайд Аманда Ришворт “Энэхүү хэлэлцээр Монгол Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээс гадна хоёр орны иргэдэд хаана хэрхэн тэтгэврээ тогтоолгох эрх чөлөө, сонголтыг олгоно” гээд. Хэлэлцээр нь мөн хоёр улсад үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгж, хувь хүмүүст ашиг тусаа үзүүлэхийг онцлов.
Энэ оны байдлаар Австрали Улсад 22 мянган гаруй монгол иргэн амьдарч байгаагийн 6 мянга гаруй нь оюутан гэсэн тоон мэдээлэл байна.
Манай улс ОХУ, БНСУ, Унгар Улс, Бүгд Найрамдах Польш Улс, Бүгд Найрамдах Турк Улс, Бүгд Найрамдах Чех Улс гэсэн 6 улстай нийгмийн хамгааллын хэлэлцээр байгуулан, хэрэгжүүлж байна.
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам Бүгд Найрамдах Казахстан Улс, Бүгд Найрамдах Австри Улстай нийгмийн хамгааллын хэлэлцээр шинээр байгуулахаар, Оросын Холбооны Улстай байгуулсан хэлэлцээрийг шинэчлэхээр, мөн Шведийн Хаант Улстай хэлэлцээр байгуулах хэлэлцээ эхлүүлэхээр ажиллаж байна.