Энэ оны жүдо бөхийн ДАШТ ирэх тавдугаар сарын 19-23-ны өдрүүдэд АНЭУ-ын Абу Даби хотноо зохион байгуулагдах бөгөөд таван тивийн 109 орны 675 шилдэг жүдоч хурд хүч, авхаалж самбаагаа сорино. Тус тэмцээнд манай улсаас 13 жинд 18 жүдоч хүч үзэх гэж байгаагийн ес нь эрэгтэй, ес нь эмэгтэй. Өнгөрсөн оны ДАШТ мөн л энэ сард болж өнгөрсөн билээ. Бид та бүхэнд удахгүй эхлэх ДАШТ-д хүч сорих жүдочдыг цувралаар танилцуулж байгаа билээ.
Энэ удаад бид эмэгтэйчүүдийн -63 кг-ын жинд өрсөлдөх Б.Ганхайч, эрэгтэйчүүдийн 81 кг-ын жинд өрсөлдөх Г.Болор-Очир нарыг танилцуулж байна.
Б.Ганхайч гэж хэн бэ?
Жүдо бөхийн Үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хорооны тамирчин, Ази тивийн аварга, ОУХМ Болдын Ганхайчийн барилдааныг жүдо бөх сонирхогчид шүүмжлэх нь нэлээдгүй бий. Б.Ганхайч ер нь ямар ч барилдаанд сандарч, тэвдэж, яараад байдаггүй. Түүний хэтэрхий тайван, өрсөлдөгчийг барьж баглаж барилддаг барилдаан нь үзэгчдийг цухалдуулдаг. Мөн шүүгчдийн нүдэнд идэвхгүй барилдаан болж харагддаг болохоор торгуулиар ялагдал хүлээх гол шалтгаан болоод байдаг юм шиг...
2021 онд Токиогийн олимпын өмнөх ДАШТ-ий үеэр Б.Ганхайч ковид туссан. Ковид түүний олимпын бэлтгэлийн циклийг алдагдуулчихсан. Олимпын өмнөх бэлтгэлийг дутуу хийсэн, сэргэлт авч чадалгүй тэмцээнд үргэлжлүүлэн орсон. Жин хассан нь ядралт, цуцалтыг улам л нэмэгдүүлсэн байх.
Олимпын дараа жил Б.Ганхайч 2022 онд Казахстан Улсын Нур-Султан хотод болсон Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж Ази тивийн аварга болсон. Азийн аваргын алтан медалийн төлөөх барилдаанд Японы Нами Набекүраг цэвэр ялж, Азийн аваргын алтан медаль хүртсэн юм. 2019 оны Азийн аваргаас мөнгө, 2017 оны Азийн аваргаас хүрэл медаль хүртэж байсан тэрбээр ийнхүү Азийн аваргын иж бүрэн медальтай болсон билээ.
“Токио 2020” олимпын 63 кг-ын хувийн барилдаанд тэрбээр өөрийн санасан, хүссэн хэмжээнд барилдаанаа гаргаж чадаагүй. Гэхдээ олимпын багийн барилдаанд сайн барилдсан. “Токио 2020” олимпын 70 кг-ын жинд алтан медаль хүртэж, аварга болсон Японы Чизүрү Ариаг буулган авч байлаа. Дээд жингийн олимпын аварга, тэр тусмаа японы тамирчныг ялна гэдэг бахархалтай. Токиогийн олимпын тэр барилдаан Б.Ганхайчид ямар их нөөц боломж, шавхдашгүй эрч хүч нуугдаж байгааг харуулсан юм.
Оны эхнээс түүний амжилт, барилдаан жигдэрч байгаа. Өнгөрөгч хоёрдугаар сард болсон Парисын Их дуулгаас хүрэл медаль хүртсэн нь удаан амжилт тааруу явсан түүний хувьд эргэн ирэлт байлаа. Сайн байгаагаа батлах шиг сарын өмнө болсон ААШТ-ээс мөнгөн медаль хүртсэн юм. Өдгөө 29 настай, 1832 оноотойгоор дэлхийн чансааны 31-т байгаа түүнд өгсөх, өөдлөх боломж бий.
Г.Болор-Очир гэж хэн бэ?
Жүдо бөхийн Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Гэрэлтуяагийн Болор-Очир 2000 оны 10 дугаар сарын 26-нд мэндэлжээ. Тэрбээр олон улсын тавцанд ааг омог дүүрэн гарч ирсэн манай залуу жүдочдын төлөөлөл мөн. Бага дэлхийн аварга хэмээн нэрлэгддэг Парис-ын “Их дуулга” тэмцээнээс хүрэл медаль хүртэж, 81 кг-ын дэлхийн шилдгүүдийг “айлгаж” явлаа.
Дэлхийн чансааны 1954 оноотойгоор 36 дугаар байрт бичигдэж буй.
Харин сүүлийн үед тэрбээр жүдо сонирхогчдын хүссэн амжилтад хүрэх хэмжээнд хүртэл барилдахгүй байгаа. Түүний барилдаан нэг талаас харвал тогтонг байдалтай болчихсон юм шиг санагдана. Харин нэг салхилаад явбал олимп, дэлхийн аваргуудыг ханаруулж чадах авьяас, нөөц боломжтой бөх.
Анх 2019 онд Хонконгт болсон Азийн нээлттэй тэмцээнээс хүрэл медаль хүртэж, 2021 онд Парист болсон "Их дуулга"-аас хүрэл медаль хүртсэн. 23 нас гэдэг асаж явдаг үе. Түүнд боломж бийг бид үзсэн, харсан.
Г.Болор-Очирын бэлтгэл муу байгаа юу гэвэл үгүй. Харин түүний барилдааныг гадаадын 81 кг-ын жингийн бөхчүүд дэндүү сайн судалсан байгаад хамаг учир байгаа болов уу. Тэр амжилт гаргана, түүний цаг хугацаа, нэг л өдөр ирнэ. Сахилга бат, хичээл зүтгэл, хөдөлмөрийн үнэ цэн амжилт болон ирэх өдөр ойрхон бий.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (1)