Нийслэлийн Хан-Уул дүүргийн III хороо, Говийн замыг “Мишээл экспо”-той холбох зам “Эрэл” компани газар чөлөөлөхгүйгээс болж хойшилсоор хоёр жил орчмын хугацаа өнгөрчээ. Тиймд Хотын дарга Х.Нямбаатар өчигдөр /2024.05.06/ Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр дараах байр суурийг илэрхийлсэн юм.
Тэрбээр “Эрэлийн Б.Эрдэнэбат гэж Монголын бүхий л боломжийг насан туршдаа идэж, эцэст нь уул уурхайн баялгийг гадаадын казинод авч очиж устгасан гэмт хэрэгтэн. Төв цэнгэлдэх хүрээлэн тойрсон газар Б.Эрдэнэбатынх, Зүүн дөрвөн зам тойрсон хотын өнгөтэй өөдтэй бүх газрыг “Эрэл”-ийн Б.Эрдэнэбат авсан. Өвөрхангай аймгийн Уянга сумын газрыг “Эрэл”-ийн Б.Эрдэнэбат сүйтгэсэн. Эрэл группын Б.Эрдэнэбат СОТ-2-ыг авсан. Шүүхийн шийдвэр гарчихаад байхад хотын 800 га газрыг яагаад чөлөөлдөггүй юм бэ. Эрэл компанийг буулгана" гэсэн. Харин өнөөдөр Б.Эрдэнэбатыг "өрөөнөөс гараад өөр юм яриад явчихсан" гэж хотын дарга хэлсэн билээ.
Өнөөдөр тус газрыг албадан чөлөөлөхтэй зэрэгцэн Эрэл группын ерөнхийлөгч Б.Эрдэнэбат мэдээлэл хийсэн юм.
Тэрбээр "Миний 1984 оноос хойшхи 40 жилийн ажил, амьдралын талаар хотын Х.Нямбаатар дүгнэж ярьсан байна.
Үндсэн хуулиар хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэм байгуулаад, хүний эрх, эрх чөлөө, чөлөөт зах зээл эдийн засгийн замаар 34 явж ирсэн. Чөлөөт зах зээлийн амин сүнс нь өмчийн бүх хэлбэрийг Үндсэн хуулиар хамгаалсан байдагт оршино. Хувийн өмчийг хуулиар хамгаалсан нийгэмд Монголын ард түмэн ажиллаж амьдарч байна.
Шударга ёсны буюу Хууль зүйн сайд байсан хүн хотын даргаар оччихоод хууль зөрчиж, хүний хувийн өмч буюу Эрэл группыг буулгана гэж байна.
Үүрэг өгч, буулга нураа, маргааш өөрийн биеэр шалгана гэж мафийн толгойлогч шиг аашилж, ичгүүр сонжоогүйгээр улс орон даяар зарлаж байна.
Энэ бол гэмт хэрэг. Ганцхан Б.Эрдэнэбат гэх хүний нэр хүнд биш. Компанид ажиллаж буй олон хүний нэр хүнд, үйл ажиллагаанд халдсан үйлдэл" гэв.
Мөн "Хэдхэн хоногийн өмнө хотын дарга тэргүүтэй 30-40 хүн үйлдвэртэй танилцсан. Хамтарч ажиллах гэрээ хэлцэл, ажлын хэсгээ байгуулсан. Гэтэл нэг өдөр цочсон юм шиг мэдэгдэл хийж буйд гайхаж байна. Чухамдаа хоёр хурдны замыг хооронд аль болох уулзваргүй болгох ёстой. Хоёр хурдны замыг хооронд нь холбож олон уулзвартай болговол түгжрэл нэмэгдэнэ. Мишээл төвд зориулсан зам хийх гэж байна" гэлээ.
Сэтгэгдэл (2)