Эрх баригч намынхан бүлгийн хурлаа хийхгүй гурван долоо хоног болж, сөрөг хүчин араас нь оров уу бас л бүлгийн хурлаа хийсэнгүй. Байнгийн хороодынх нь ирц хүрэхээ байж, парламентын танхимд хэлэлцэх асуудлууд хоосон суудал мөргөөд "замхарч" байна. Сонгууль дөхөөд хөлтэй нь хөлхөж, хөлгүй нь мөлхөж байгаагийн шинж бол энэ. Зарим нэг нь онгоц хөлөглөж, зарим нэг нь мотоцикл унан давхиж, зарим нэг нь иргэдийн дунд орчихсон "бурж" явна.
Хийсэн ажил, хэлсэн үгээ булаацалдаж, урд хойноо орон "рийл" хийж, цахимаар аугаа ихийн хэнээгээ цацаж ч харагдана. Бүсчилсэн тойргийн балгаар энд тэндгүй "тэнэх" хэрэгтэй болсон гишүүд танхимдаа ч харагдахаа больсон нь дэгс ч бус.
Асар хэрэгтэй хуулиуд ар араасаа хүлээгдэж, хийх ажил нь толгойтой үснээс нь их баймаар сан. Үндэсний баялагийн хуулийг батлаад л тал, тал тийшээ тарж, таваргасан бололтой. Бүлэг ч хуралдахаа больж, энэ сонгуулиар хэрхэн төрийн сэнтийдээ үлдэхээ л бодож, санал горилон яваа нь дамжиг ч үгүй биз.
Чухамдаа сонгуулийн сурталчилгааны хугацааг нэр дэвшигчийн үнэмлэх олгосон өдрөөс эхлүүлж, санал авах өдрөөс 24 цагийн өмнө дуусгана гэж хуулиндаа заасан байгаа. Эсвэл хууль санаачлагч, хууль батлагчдад "хууль"-ийн зүйл заалт үйлчилдэггүй, эгэл ардад л үйлчилдэг юм уу.
Ажлын тайлан гэж ардыг "тархидаж", урлагийн зааланд цуглуулчихаад "уран донгодож" явдаг нь жил жилийн л үзэгдэл. Нохойн дуу ойртох тусам олон үгтэй болж, орилж, энд тэнд босгоны шороо арчиж гардаг нь хүний бус гишүүдийн зан болчихоод байна.
М.Жаргал
Сэтгэгдэл (2)