УИХ-ын гишүүн Х.Ганхуяг Банкны тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах ёстой Төв банк болон банкны удирдлага үндсэн чиг үүргийн хүрээнд ажлаа хийхгүй байгаа асуудлыг шалгуулахаар УЕП-т хандаж буй талаараа мэдээлэл өглөө.
Тэрбээр "Банкны тухай хуулийг хэрэгжүүлэхгүй бол иргэд, хувийн хэвшилд хамгийн их сөрөг нөлөөтэй. Ихэнх банкны 95 хувь нэг хүн эсвэл хуулийн этгээдэд төвлөрсөн. Энэ хувьцааг задлах хуулийг баталсан ч өнөөг хүртэл хэрэгжүүлсэнгүй.
Банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг 14 хоногийн өмнө хулгайгаар оруулж ирэх гэж оролдоход нь зогсоосон. Уг нь гурван жилийн өмнө энэ хуульд банкны эзэд дээд тал нь 20 хувийн хувьцаа эзэмших талаар заасан ч хэрэгжүүлсэнгүй. Тэгэхээр банкуудын одоогийн удирдлага энэ хуулийг хэрэгжүүлэхгүй юм байна. Төвбанкны удирдлагад хариуцлага тооцох ёстой. Арилжааны банкууд хууль хэрэгжүүлээгүй буюу хууль зөрчсөн. Иймд тэдний олон улсын банкуудаас татсан зээл нь татагдах нөхцөл бүрдлээ.
Монголбанкны удирдлага ямар зорилгоор өнөөдрийг хүртэл эс үйлдэл хийсэн нь тодорхойгүй. Иймд би УИХ-ын даргад Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнг хугацаанаас нь өмнө татах шаардлагыг хүргүүлнэ.
Төрийн албан хаагчид хууль хэрэгжүүлээгүй бол ажлаасаа огцордог. Гэтэл энэ хүмүүс хуульд нэмэлт өөрчлөлт оруулан, хуулийн үйлчлэлийг хойшлуулахаар зорьж байна. Монопол байгаа газарт үнэ өндөр, өрсөлдөөнгүй байдаг" гэв.
Сэтгэгдэл (2)