Ардчилсан намын "Шударга сонгууль" ажлын хэсгээс цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна. Энэ үеэр П.Галиндэв үг хэлж, байр сууриа илэрхийлэв.
Тэрбээр "Парламентын ес дэх удаагийн сонгууль болох гэж байна. Энэ сонгуулийн шударга болж чадах уу гэдэгт хариулт өгч чадах хүн бараг л байхгүй. Өнгөрсөн сонгуулиудаар илтэд луйвар, булхайн шинжтэй, сонгуулийн үр дүнг өөрчилсөн үйлдлүүд гарсан. Тухай бүрд нэр дэвшигчид болон улс төрийн намууд гомдол гаргаж байсан. Гэхдээ авч хэлэлцсэн газар байгаагүй. ТЕГ, СЕХ, ҮАБЗ-д хүртэл гомдол гаргаж байв. Үүнийг харвал дүн гарсан л бол бандан тас гээд байгаа юм. Сонгуулийн дүн гарчихвал ямар ч луйвар гарсан өөрчилж чадахгүй болчихоод байна. Тиймээс энэ удаагийн сонгуулийг шударга явуулахын тулд яах ёстой вэ? гэх асуулттай бид тулгарч байна.
Би өнгөрөгч сонгуулиар Баянгол дүүрэгт нэр дэвшиж байсан. Эхний 18 хэсгийн дүн ирэхэд би нэгээр явж байсан. Дунд үед ирэхэд Галиндэв гэх нэр дэвшигч огт байгаагүй юм шиг алга болчихсон. Хий үзэгдэл болчихсон. Цаг гаруйн дараа 5 дээр буцаагаад гаргаад ирсэн. Энэ бол луйврын ганц жишээ.
Галиндэв ялагдахдаа, аль нэг улс төрийн нам ялагдахдаа гол нь биш юм. Эцсийн дүндээ ард түмэн сонгуулийн луйварт ялагдсан гэсэн үг. 8 удаа шүү. Үр дүнд нь бахь байдгаараа л байж байна. Би бүхий л хандаж болох газар нь хандсан. Хууль эрх зүйн цоорхойг нөхсөн, сайжруулсан ч зүйл огт байхгүй. Шинэ сонгуулийн хууль гарахад хуулийн цоорхойг нөхөв үү гэсэн бас л нөхөөгүй.
Олон улсын байгууллагын хөндлөнгийн хяналтыг сонгуульд оруулж ирээч. Сонгуулийн үед болон дараа аудит хийдэг боломжийг оруулж ирээч. IT-ийн аудит, хэсгийн хороо бүрд аудит оруулах ёстой. Бүх л бүтэн улсын сонгуулийг яагаад хянахгүй, шалгахгүй орхиод байна вэ. Сонгуулийн луйврыг төрийн эрх мэдлээр хийдэг. Ардчилсан улсад хүчтэй, хяналттай сөрөг хүчин байх ёстой. Тэгж байж ардчилал бий болдог.
Булхайг засах ёстой. Энэ бол ганцхан АН-ын хийх ёсой ажил биш, ард түмний ч хийх ёстой ажил юм. Иргэн бүр өөрийн саналаа хулгайд алдаж байгаагаа ойлгох хэрэгтэй. Нас барсан хүний нэрийн өмнөөс санал өгдөг булхай одоог хүртэл байсаар л байгаа шүү дээ. Ард түмэнд сонгуулийг хянах эрхийг нь өгөх ёстой" гэв.
М.Дэвээ