УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ш.Адьшаа үг хэллээ.
Тэрбээр "УИХ-ын гишүүнийхээ хувьд Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг миний бие 2023 оны 12 сарын 17-ны өдөр өргөн мэдүүлсэн.
Өнөөдөр Засгийн газраас өргөн мэдүүлсэн хуулиудын зарим нь батлагдаад явж байна. Сөрөг хүчний гишүүний хуулийг оруулж ирэх асуудлыг яагаад та бүгд анхаарч өгөхгүй байна вэ.
Би хууль дээр уул уурхайн засаглалын тухай, харицлагагүй уул уурхайн тухай, уугуул иргэдийн асуудал, орон нутгийн өөрөө удирдах байгууллага, уул уурхайн лиценз худалдан борлуулах, газрын баялагаа зарахад тэдний оролцоог хууль эрх зүйн хувьд шинэчилж, тогтолцооны өөрчлөлт хийх зайлшгүй шаардлага байгаа учраас энэ хуулийн төслийг өргөн мэдүүлсэн.
Энэ хуулийн төсөл бол хөдөө орон нутагт байгаа, уул уурхайн золиос болж буй уугуул иргэдийн асуудлыг хуулиар шийдэх шаардлагатай асуудал. Өнөөдөр хөдөө орон нутагт уул уурай ухаж төнхдөг асуудал газар авч, ҮАБ-ын асуудал болсон тухай иргэд нулимс дуслуулан гомдол мэдүүлж байна. Завхан аймгийн Ургамал сумын Тосгуур багийн иргэн П.Хоролмаа, А.Пүрэвсүрэн гэх хоёр иргэн үнэхээр уйлж байсан.
Алт хайж газар ухсны золиос болж байна, мал бэлчээх газар, хашаа хүртэл бүгдийг нь ухсан гэж байна. Гэтэл энэ асуудлыг ярьж хэлэцэж байгаа хүн алга.
Тэр хүмүүс хэлэхдээ, орон нутгийн удирдлага нь ч уул уурхайтай хуйвалдсан, төр нь хуйвалдсан, Засгийн газар нь ч хуйвалдсан байна, бид одоо яах юм бэ? гээд уйлж байна.
Газрын баялаг ард түмний өмч байх Үндсэн хуулийн зарчимд нийцсэн хууль юм шүү. Орон нутгийн эрх мэдлийг энэ тал дээр зохицуулж өгье гэж тусгасан юм" гэв.
М.Дэвээ