Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан танилцууллаа.
Тэрбээр "Ирэх долоо хоногоос иргэн бүр Хуримтлалын сангийн данстай болно. И-Монголиа дээр цэс нэмэх үүрэг өгсөн. Энэ ажил хийгдсэнээр Хуримтлалын нэгдсэн сангаас бэлэн бусаар зарцуулагдах мөнгө тодорхой болох юм.
Хуримтлалын нэгдсэн сангийн хөрөнгийг боловсрол, эрүүл мэнд, ипотекийн зээлийг санхүүжүүлэхэд зарцуулахаар хуульчилсан. Ипотекийн санхүүжилт дээр Монголбанк, арилжааны банкууд зохицуулалт хийнэ.
Хуримтлалын нэгдсэн сан дээр төвлөрөх мөнгөний эх үүсвэр “Эрдэнэс Монгол” нэгдлээс хийгдэнэ. Эрдэнэс Монгол нэгдлийн харьяанд байгаа Эрдэнэс Тавантолгой компани ногдол ашиг хэлбэрээр 200 тэрбум, Эрдэнэт үйлдвэр 273 тэрбум, Дарханы төмөрлөгийн үйлдвэр 14 тэрбум, Монгол росцветмэт нэгдэл 8.6 тэрбум, Цемент шохой үйлдвэр 3,5 тэрбум, Эрдэнэс Оюутолгойгоос 356 сая төгрөгийг татан төвлөрүүлнэ.
Уул уурхайн баялаг өнгөрсөн хугацаанд цөөн хүний гарт төвлөрч байсныг Засгийн газраас Баялгийн сангийн тухай хуулийг өргөн барьж, батлуулснаар иргэн бүрд хүртэх боломж нээгдэж байна. “Эрдэнэт” үйлдвэр, Хөтөл, Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг хувийн хэвшлээс төрд буцаан авснаар эерэг нөлөөг үзүүлж буй.
Экспортын нүүрсний тээвэрлэлтийг ил тод болгож, биржээр арилжаалдаг болсноор төрийн албан хаагчдын цалин, тэтгэвэр нэмэгдсэн. Цаашдаа төрийн өмчит үйлдвэрийн газраас Хуримтлалын санд төвлөрөх мөнгөн дүн өснө.
Импортын гурил тэжээлийн татварыг тэглэх журам батлагдаж, хууль хэрэгжиж эхэлсэн. Мөн Засгийн газраас өнөөдөр тогтоол баталлаа. Импортын бараа бүтээгдэхүүний жагсаалтад төрөл зүйл нэмж, улаан буудайн гурил, малын тэжээлийг оруулсан. Бүх хилийн боомтоор орж ирэх гурил, малын тэжээл нь өнөөдрөөс татваргүйгүйгээр орж ирнэ.
Дотоодын улаан буудайн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилгоор стратегийн нөөцөд жил бүр 100 мянган тонн улаанбуудайг худалдан авна. 182 мянган тонн буудай хадгалах эльеваторыг зориулалтын дагуу ашиглах эрхийг Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдад өгсөн. Дотоодын хэрэгцээг хангасны үндсэн дээр илүү гарсан улаанбуудайг экспортолно" гэв.
Сэтгэгдэл (9)