"Хатан ижий" гэж дуудуулан бахдалтай инээж явдаг УИХ-ын гишүүн Д.Сарангэрэлийн гар, хөл нь газрын газрын асуудалд дүрээстэй байна. Гурван удаа Засгийн газрын гишүүн байж, гурван удаа сайдын суудал дамжиж "эрхэлсэн" түүн шиг хүн тун цөөн биз. 2017 оноос Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байгаад ковидын үед буюу 2020 онд Байгаль орчны яам руу "жирийлгэчихсэн". Тэндээсээ дунд нь нэг амьсхийж аваад Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны сайдаар 2022 онд нэг жил хэртэй ажиллаж үзсэн. Ингэхдээ түмнийг доромжилж байгаад л "буугаад явчихсан" юм.
Эрх ямбатны суудлыг дамнаж "тоглосон" Д.Сарангэрэлийн "инээсэн баг"-ны цаана явагдсан байж болзошгүй "газрын наймаа"-ны талаарх онцлох баримтуудыг дэлгэж байна.
БАРИМТ 1
"Богд Хан" уулын дархан цаазат газар болох Нүхтийн аманд аялал жуулчлалын зориулалтаар 21.8 га газрыг "Гэгээн талбай" гэх компани эзэмшиж байжээ. Гэтэл УИХ-ын гишүүн Д.Сарангэрэлд тамга тэмдгийг нь гардуулж өгсөн тус яамны сайд асан Н.Цэрэнбат газрын зөвшөөрлийг цуцалчихаад "суудал"-аасаа буусан байна.
БАРИМТ 2
Гэгээн талбай компани зөвшөөрөл бүхий газраа 160 сая төгрөгөөр хашаалж, газрын төлбөрт 200 гаруй сая төгрөгийг төлжээ.
БАРИМТ 3
"Сайдын тамга" барьсан Д.Сарангэрэл 2021 хоёрдугаар сарын 28-ны А25 тушаалаар "Хөх гал трейд" компанид шилжүүлжээ. Энэхүү компанийн нэгэн эзэмшигч болох Г.Цагаанхүү нь тухайн үед түүний туслахаар ажиллаж байсан байна.
БАРИМТ 4
Хөх трейд компанийн гүйцэтгэх захирал Э.Тэмүүлэн нь Монгол Улсын Ерөнхий аудитор асан Д.Хүрэлбаатар болон УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл хоёрын "хүү"-гийнх нь найз гэгддэг аж.
БАРИМТ 5
Түүний нөхөр Д.Хүрэлбаатар нь хэд хэдэн хүнээр дамжуулж, 4 тэрбум төгрөгөөр "зарна" гэсэн байна.
БАРИМТ 6
Газраа алдчихаад араас нь явж байсан "Гэгээн трейд" компанийнхан урьдчилгаа болгож, Д.Сарангэрэлийн нөхөр Д.Хүрэлбаатарын хамаарал бүхий хүмүүст 1 тэрбум төгрөгийг дансаар шилжүүлсэн байна. Мөн Зайсанд байрлалтай 40 м.кв гурван давхар таун хаусыг 800 сая, Ланд 200 автомашиныг 190 сая, Баянзүрх дүүргийн 14 хороонд байрлалтай 107.91 м.кв үйлчилгээний талбай бүхий үл хөдлөхийг 180 сая төгрөг, Аялалын автобусыг 200 сая төгрөгөөр бодож шилжүүлжээ.
БАРИМТ 7
Гэвч эцэстээ "Гэгээн талбай" компани газрын зөвшөөрөл ч үгүй, өгсөн эд хөрөнгөө буцааж авч чадахгүй нөхцөл байдалд орсон байна.
Сэтгэгдэл (15)