Өмгөөлөгч Г.Батбаярыг дөрөвдүгээр сарын 26-ны өдөр Хан-Уул дүүргийн 22 дугаар хороо, Богдхан амралтын газрын гаднах автомашины зогсоолын орчмоос автомашиндаа "бууны шархтай" нас барсан байсныг олсон талаар ЦЕГ-аас мэдээлсэн юм. Уг хэргийн талаар олон нийтийн сүлжээнд иргэд таамаг дэвшүүлж, цагдаагийн байгууллагаас прокурорын зөвшөөрсөн хүрээнд мэдээлэл өгч буй.
"Галт зэвсэг нь амь хохирсон Г.Батбаярын нэр дээр байдаг"
МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГААНЫ МЭДЭЭЛЭЛ-1
Өмгөөлөгч Г.Батбаярын амь хохирсон хэрэгт ТЕГ-ын дарга асан Б.Хурц нараас байцаалт авч байгаа талаар тодорхой мэдээлэл өгөх боломжгүй гэж цагдаагийн байгууллагаас мэдээлсэн. Учир нь мөрдөн шалгах ажиллагааны нууц гэж буй.
МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГААНЫ МЭДЭЭЛЭЛ-2
Хэргийн газрын үзлэгээр хохирогчийн нэр дээр бүртгэгдсэн галт зэвсэг, сум, хонгио, гар утас болон бусад зүйлийг эд мөрийн баримтыг бэхжүүлэн авч, шинжээч томилж дүгнэлт гаргуулахаар Шүүхийн Шинжилгээний Ерөнхий Газарт хүргүүлээд байна.
МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГААНЫ МЭДЭЭЛЭЛ-3
Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б нь галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, өөрийн нэр дээр галт зэвсэг худалдаж авсан болох нь тогтоогдсон.Амь хохирогчийн үхлийн шалтгааныг тогтоох шинжээч томилсон тогтоолыг танилцуулахад хууль ёсны төлөөлөгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс ямар нэгэн санал хүсэлт гаргаагүй аж.
ТААМАГ-1
Г.Батбаяр сүүлийн найман жил Хайрхан толгой төслийн нэг талын өмгөөлөгчөөр ажилласан. Энэ ажиллагаанаас эхлээд Г.Батбаяр дарамт хавчлага дотор 10 гаруй жил ажилласан. Гурван шатны шүүхээр Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт байдаг "Нитро Сибир Азиа" ХХК буюу Засгийн газрын гишүүн, шадар сайд С.Амарсайханы хамаарал бүхий этгээдүүдийн эзэмшдэг, сүүлд хууль бусаар шилжүүлсэн байх магадлалтай компанийн асуудал босож ирсэн гэж Иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл мэдэгдэл хийхдээ дурдсан. Мөн нэр бүхий сэтгүүлчдийг хэрэгт нөлөөтэй гэж үзэж байгаагаа дурдсан юм.
ТААМАГ-2
Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин өөрийн "Х" хаягтаа талийгчийн машиныг С.Амарсайхан сайдын гэрийн ойролцоогоос олдсон гэх мэдээлэл цахимд байна" хэмээн жиргэж байв.
ТААМАГ-3
"Г.Батбаяр агсны өмнө нь өгч байсан ярилцлага, мэдээллүүдийг харахад тэр эртнээс, нэлээд олон жилийн өмнөөс хүчирхэг дайснуудтай болсон бөгөөд үүнийгээ ч сайн мэдэж байжээ.
Нийгэмд дуулиан тарьсан олон хэрэгт өмгөөлөгчөөр оролцсон тэрбээр хөшигний цаадах баримт, хаалттай хавтаст хэргүүдийн талаар ч мэдээлэл ихтэй байв. Ажил хэргийн явцад хуримтлуулсан дайснуудад нь түүнийг зайлуулах сонирхол нэлээд их байсан бололтой. Түүнд уул уурхай, улс төр, хуулийн салбарынхан гээд ашиг сонирхол зөрчилдсөн олон дайсан үүссэн байв..." гэх зэргээр бичжээ.
ТААМАГ-4
Б.Отгон "Өмгөөлөгч Г.Батбаяр амиа хорлох хүн биш. Тэмцэгчид ганц хамгаалагчаа алдснаар маш том гарз хохирол амслаа" хэмээн шууд дамжуулалт хийж байв.
Сэтгэгдэл (4)