Нийтийн тээврийн парк шинэчлэлийг хийх ажлыг эхлүүлж, "дориун" хөдөлсөн ч "том алдсан нь" саяханы үйл явдал. Daewoо үйлдвэрийн 80 автобусны будгийг холцолж, "жинхэнэ үнэн"-ийг иргэд нүдээр үзсэн билээ. Монголын төрийг "80 ногоон"-оор хуурч дөнгөсөн БНСУ-ын иргэд мэхийн ёсолж, мэлзэж ч байв. Нэгэнт үерт цохиулсан Хотын мээр Д.Сумъяабазар, Хотын асуудал хариуцсан сайд Ж.Сүхбаатар ч тухайн албанаас "өөрсдөө явсан" юм.
"Ногоон автобус"-ны хэрэг мандаж, иргэдийн бухимдлыг төрүүлээд буй энэ үед албан тушаалтнуудад шүүмжлэлийг дааж гарах "тэнхээ" байтугай үлдэх улаан нүүр ч байсангүй. Чухам төсөв, тендерийн арвин даллагатай, нийтийн тээврийн салбарын олигарх "Тэнүүн-Огоо"-д автобус оруулж ирэх эрхийг атгуулсан гэхтэй олон улстөрчийг холбон "сэрдэж" байлаа.
2023 оны арваннэгдүгээр сард ногоон автобусны хэргээр 11 иргэний 16 объектод нэгжлэг хийж, 25 хүнд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаад байв. Шалгалтаар тухайн автобуснуудыг үйлдвэрийн технологийн бус аргаар угсарсан болохыг тогтоожээ. Түүнчлэн хохирлын хэмжээг 134,5 тэрбум төгрөг гэж тогтоосон байдаг. Үүгээр зогсохгүй, ногоон автобусны худалдан авалтыг шүүмжилж байсан “Эрдэмтранс” ХХК-ийн ерөнхий захирал Я.Эрдэмбилэгийг залилах гэмт хэрэгт сэжиглэж, эрэн сурвалжилж эхэлжээ.
Тус бүр нь 400 сая төгрөгийн өртөгтэй ногоон автобус хотын удирдлагыг бүхлээр нь ганхуулж, хууль зүйн сайд нь хүртэл ажлаа өгч "мээр" болсон билээ. ХЗДХ-ийн сайд асан Х.Нямбаатарын баг тэр чигээрээ хот руу "нүүсэн" юм. Ингээд 600 шинэ "саарал" автобус хотын төвөөр гэлдрэх болсон түүхтэй.
УИХ-ын хянан шалгах түр хорооноос "Ногоон автобусны" худалдан авах ажиллагаатай холбогдуулан нотлох баримтыг судлан шинжилнэ. Уг нь хамгийн халуун сэдэв "ногоон автобус". Хэний нүүр улалзаж, улаахыг чих тавин сонсож байна.
Түр хорооны гишүүдээр:
- П.Анужин
- Д.Батлут
- Ж.Бат-Эрдэнэ
- Ц.Даваасүрэн
- Г.Тэмүүлэн
- Ж.Батсуурь
- Н.Ганибал
- С.Одонтуяа, Т.Доржханд нарыг томилсон юм. Мөн энэ хороог Ж.Бат-Эрдэнэ даргалж буй.