Ардчилсан намын дэд дарга Ж.Баярмаа "Ирэх сонгууль, 2020 оны УИХ-ын сонгууль шиг луйврын сонгууль болох гэж байна" гэх сэдвийн хүрээнд мэдээлэл өглөө.
Тэрбээр "2016 оноос хойш хар машинтай холбоотой асуудлаар асуудал тавьж ирсэн ч өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй л байна. 2020 оны УИХ-ын сонгуулийн дараа улс төрийн намууд нэгдээд ажлын хэсэг байгуулсан байна. Ажлын хэсэг тухайн сонгуулийн үеэр гарсан булхай луйвар болон зөрчлийг цуглуулж аваад дүн шинжилгээ хийгээд хэрхэн засах талаар санал боловсруулан холбогдох байгууллагуудад өгсөн. 2020 оны гуравдугаар сард Шударга сонгууль нэртэй олон нийтийн байгууллага улс төрийн намуудтай хамтран сонгуулийн булхай луйврыг хэрхэн засах талаар саналаа Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд өгсөн. Харамсалтай нь, өнөөдийг хүртэл шийдэгдээгүй.
Улс төрийн намууд УИХ-ын сонгуулийн булхай луйвартай холбоотой асуудлыг судлахаар ажлын хэсэг байгуулахад МАХН -ын дарга Н.Энхбаяр, Шинэ нам, ХҮН нам, ИЗНН зэрэг олон улс төрийн намууд оролцсон. Тэр бүх нам 2020 оны УИХ -ын сонгууль булхай луйвраар дүүрэн болсон гэдгийг баталсан. Улс төрийн намуудаас бүрдсэн ажлын хэсэг булхай луйврыг долоон төрөлд хуваасан.
Эзэнгүй хаяг дээр 10, 20-оор нь санал өгүүлдэг асуудал аль эртнээс явагдаж эхэлсэн. Царцаа нь хүртэл төрөл зүйлтэй болсон. Тэр нь нүүдэг царцаа, цахим царцаа.
Сонгуулийн үеэр нэр дэвшигчид Сонгуулийн хуулийг зөрчиж, хүмүүсийг хоол цайгаар дайлж, элдэв юм тараасан хэвээр байна. Энэ бүх баримтыг бүрдүүлээд дүн шинжилгээ өгөөд холбогдох байгууллагад өгсөөр байтал нэг нь ч хариу өгөөгүй. Дээрх баримт, дүн шинжилгээг Сонгуулийн ерөнхий хороо, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Тагнуулын ерөнхий газар, Улсын ерөнхий прокурорын газарт өгсөн байдаг.
Автомат төхөөрөмжтэй холбоотой зөрчил мөн гарсан. Нийслэлийн Баянгол дүүрэгт бие даан нэр дэвшсэн П.Галиндэвийн овог нэр санал хураалтын үеэр дэлгэцээс алга болсон. 2-3 цаг огт байхгүй байж байгаад гарч ирсэн. Энэ мэт программ хангамжтай холбоотой зөрчил маш их байсан" гэлээ.
Сэтгэгдэл (3)