"Ирэх сонгууль, 2020 оны УИХ-ын сонгууль шиг луйврын сонгууль болох гэж байна" гэх сэдвийн хүрээнд мэдээлэл өглөө. Энэ үеэр дараах байр суурийг илэрхийлж, уриалав.
АН-ын төлөөлөл, "Дэлхийн олон улсуудтай харьцуулах юм бол Монгол Улсын маань хөгжил үнэхээр сул дорой байгаа. Авлигын үзүүлэлт, бизнесийн таатай орчин, эрүүл мэндийн үзүүлэлт гэх зэрэг олон үзүүлэлтээр сүүл мушгиж байгаа. Бидэнд бодлогын өрсөлдөөн үгүйлэгдэж байна. Яавал улс үндэстнийг дээш гаргаж, аз жаргалтай амьдруулах вэ гэх тал дээр цэвэр бодлогыг дэвшүүлж, сонгогсдоосон санал авч өрсөлдмөөр байгаа юм. Улс төрийн эрх мэдлийг өөрсдөдөө давуу байдлаар ашиглах нөхцөл байдал удаан үргэлжилжээ. Хохирогч нар нь ард түмэн бид.
Та бидний амьдралыг хэн нэгэн мундаг дарга, ямар нэгэн хүчтэй улс төрийн нам ээж, ивээснээрээ аз жаргалтай амьдруулна гэдэгт итгэж болохгүй. Үүнийг бид мартах ёстой.
Үндсэн хуульд заасан эрхийнхээ төлөө бид үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, санаа бодлоо тод томруунаар илэрхийлэх боломжтой. Дөрвөн жил тутамд нэг удаа явагддаг сонгуулийг 2022 онд хийгдсэн томоохон дата анализад тулгуурлаад харах юм бол үнэндээ олон талын луйвар гарч ирж байна.
Бид өөрсдийнхөө өмнө шударга байх ёстой. Өнөөдөр орон нутагт олон талын сонгогчдын маань мэдлэг боловсрол дутмаг байгааг ямар нэгэн нам өөрт ашигтайгаар ашиглаж байна.
Чамайг харж байгаа шүү гэдгээс айгаад хүсээгүй сонголтоо бүхээгний ард хийчихдэг.
Энэ буруу зөрүү ойлголт нь нийт монголчуудын асуудал болж хувирч байгаа юм. Хэнийг ч нууцаар, бие дааж, санал өгөх эрхэндээ битгий халдуулаарай. Ардчилсан нам шударга сонгуульд ялагдахаасаа айхгүй байна. Хурга шиг л дуугүй босоод явчихна. 20 гаруй нам сонгуульд оролцох хүсэлтээ өгсөн байгаа. Эдгээр намууд ишиг шиг чарлаад босоход бэлэн байгаа. МАН энэ удаагийн сонгуулийг шударгаар зохион байгуулахаа ухамсарлаж байгаа гэж ойлгож байна. Шударга сонгуулийн төлөө" гэв.