Өнгөрөгч оны есдүгээр сарын 1-ны өдөр Засгийн газар ээлжит бусаар хуралдаж, Цагдаагийн ерөнхий газрын даргаар ажиллаж байсан Ж.Болдыг чөлөөлж, ЭЦА-ны даргаар ажиллаж байсан, Хэнтий аймагтай ажил амьдралдаа олон жил холбосон Т.Сүхболдыг томилж байлаа. Тухайн үед Хөгжлийн банк, нүүрс гэх зэрэг гол гол, нийгмийн хараа чиглэсэн хэргүүд дээр ажилласан түүнийг томилсон нь Хэнтийнхэн монголыг эзлэх нь гэсэн шүүмжлэлийг ч дагуулаад амжсан байдаг.
Тэгвэл Т.Сүхболд цагдаагийн дээд цолонд хүрч, "генерал" боллоо. Түүнд энэ цолыг хүртэх ёс зүй бий юу гэдэг асуултад бид хариулт хайж байна. "Толгойлж буй салбар" нь асуудалд холбогдоход "сүүлийг таслаад толгойг нь үлдээдэг", толгойг нь бүр оргилд залдаг байдлаас хэзээ хагацаж, хариуцлагыг даргаас нэхдэг соёл хэзээ энэ улсад бий болох бол. Ингээд та бүхэнд цагдаагийн алба хаагчийн ёс зүй, тангараг, үнэт зүйлийг зөрчсөн 5 хэргийн тухай эргэн сануулж байна.
БАРИМТ 1
Иргэнийг хамгаалах учиртай цагдаа нь иргэнээ хүчирхийлдэг улсад бид амьдарч байна. Тухайлбал, Сэлэнгэ аймгийн цагдаагийн газрын дөрвөн албан хаагч 13 настай охиныг хүчирхийлсэн хэрэг гарсан. Эл хэрэгт холбоотойгоор Ерөнхий сайд үүрэг өгч, хэрэгт холбогдсон алба хаагчдыг баривчилсан юм. Тодруулбал, дээрх албан хаагчид уг хэргийг үйлдсэн болох нь урьдчилсан байдлаар тогтоогдсон бөгөөд хоёр албан хаагч нь өөрсдөө хүлээн зөвшөөрсөн байдаг. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэний үүрэг болгосноор Цагдаагийн ерөнхий газрын дарга, хурандаа Т.Сүхболд цагдаагийн албан хаагчийн нэр төрийг гутаасан жигшүүрт гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийг баривчлахаар Сэлэнгэ аймаг руу явж, саатуулсан юм. Тус хэрэгтэй холбогдуулан тухайн аймгийн цагдаагийн албан тушаалтнуудад хариуцлага тооцсон байдаг.
БАРИМТ 2
Цагдаагийн газрыг хүүхдүүдийн хэрэгт "баавартай хандаж байна" гэж иргэд шүүмжилж байв. Учир нь автобусны суудлын бүрээс санаатай урж, ослын багажийг авч явсан гурван хүүхдийг саатуулсан тухай ЦЕГ-ын цахим хуудсанд байршуулсан байв. Гэхдээ хүүхдүүдээ эл үйлдэлдээ уучлал гуйсан юм. Хэрэгт том, жижиг гэж үгүй ч, энэ бяраа нийгмийн "том" гэм хэрэгтнүүдэд гаргаж үзүүлэхийг тэднээс шаардав.
БАРИМТ 3
Hariad Uyanga өөрийн "Х" хаягтаа "Дээрэлхэлт цагдаагаас эхэлдэг аянг өрнүүлж байгаа цагдаагийн дарга" гэж Т.Сүхболдын тухай жиргэснийг хариад даруй түүн рүү утас цохиж, иргэний хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдахыг завдсан байна. Тэрбээр "Цагдаа хүчний байгууллага бүхлээрээ реформ хийж, Цагдаажих, ХҮЧИНДЭХ гэдэг үгнээсээ татгалзаж, байгууллагын соёлын бүтэн реформ хийх ёстой. Энэ нь иргэншсэн хөгжлийн алхам болно шүү" гэж бичжээ.
БАРИМТ 4
2022 онд "Согтууруулах ундаа хэрэглэсэн иргэн жолоо барьсан учир цагдаагийн алба хаагч иргэнийг шонгийн модноос гавласан мэдээлэл нийгмийн сүлжээнд гарсан. Энэ нь хүний эрхийн ноцтой зөрчил хэмээн олон нийт шүүмжилж байв". Тус хэрэг болсон нутаг дэвсгэр буюу Завхан аймгийн Цагдаагийн газраас уучлалт гуйж байлаа.
БАРИМТ 5
Өнгөрөгч онд Булган аймгийн Цагдаагийн газрын дарга, удирдлагуудын хууль бусаар алба хаагч нараас нэг өдрийн цалин хурааж, үндэслэлгүй цалин хассан талаар цагдаагийн алба хаагч "шүгэл үлээж байв". Энэ мэт цагдаагийн байгууллагад гарсан хэргүүд ёс зүй, сахилга батын гүн хямралд орсон харагдаж байх жишээтэй.
Ташрамд, бригадын генерал Т.Сүхболдын тухай товч танилцуулъя.
-1998-2001 онд Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтэст цагдаа
-2005-2007 онд Хэнтий аймгийн цагдаагийн газарт хэсгийн төлөөлөгч
-2007-2011 онд Хэнтий аймгийн цагдаагийн газарт эдийн засгийн төлөөлөгч
-2011-2013 онд Хэнтий аймгийн цагдаагийн газарт эдийн засгийн ахлах төлөөлөгч
-2013-2018 онд Эрүүгийн цагдагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст ахлах төлөөлөгч, тасгийн дарга
-2018-2020 онд Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын Мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга
-2020 онд Эрүүгийн цагдаагийн албаны дэд бөгөөд Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга
-2020 оны долдугаар сараас Эрүүгийн цагдаагийн албаны даргаар ажиллаж байсан.
ХОМ: Т.Сүхболд 203 сая төгрөгийн орон сууцтай, 77 сая төгрөгийн зээлтэй
Цагдаагийн ерөнхий газрын дарга Т.Сүхболд хөрөнгө орлогын мэдүүлгийг хүргэж байна. Тэрбээр хамгийн сүүлд 2022 онд хөрөнгөө ийн мэдүүлжээ. Түүний жилийн нийт орлого нь 48.3 сая, гэр бүлийн орлого нь 15 сая төгрөг гэж мэдүүлжээ. Харин нэг орон сууц, нэг авто зогсоолтой ажээ. Орон сууц, авто зогсоолын үнэлгээ нь 203.6 сая гэжээ. Мөн Toyota, prius Alpha загварын нэг автомашинтай бөгөөд үнэлгээ нь 30 сая төгрөг аж. Түүнчлэн тэрбээр 224 сая төгрөгийн үнэтэй хурдан удмын адуу-61, үхэр-10, хонь 20 гэсэн байна. Эзэмших эрхийн хоёр газартай, үнэлгээ нь 20 сая төгрөг аж. Мөн дотоодын хадгаламжинд 27 сая төгрөг, үнэт эдлэл нь 6.9 сая төгрөг гэж мэдүүлжээ. Мөн иргэн Б.Дашид 77 сая төгрөгийн зээлтэй гэж мэдэгдсэн байна.
Сэтгэгдэл (9)