Одоогоос 103 жилийн тэртээ ард түмнийхээ эрх чөлөө, бүрэн эрхт байдлаа хамгаалах үйлсэд нэгдсэн цогтой залуус үзэл санаагаа нэгтгэн МАН-ыг байгуулсан түүхтэй. Үүнээс улбаалан Монголын ард түмний үе үеийн эх оронч охид, хөвгүүдийн хурц ухаан, зориг тэвчээр, хичээл зүтгэлийн ачаар өнөөдрийн туурга тусгаар Монгол Улс та бидэнд ирсэн билээ.
Улс орны хөгжлийн төлөөх тэмцэл, зүтгэлийн манлай болж ирсэн Нийслэлийн МАН-ын хороо 99 жилийн түүхэн ойтойгоо золгож байна. Тусгаар тогтнол, эрх чөлөөний төлөөх галтай тэмцлийн үед эх орончдын үйл хэрэг эр зориг, ухаан билэг, түмэн олноо гэх чин сэтгэл байсан бол энх тайван өнөө цагт эх оронч байна гэдэг нь эв нэгдэл, хариуцлагатай байдал, чин сэтгэлээр илрэх учиртай.
Улс, эх орныхоо түүхэн хөгжлийн ачааны хүндийг үүрч ирсэн ахмад буурлууд, тэдний халааг аван зүтгэж буй дунд үеийнхэн, ирээдүйн хөгжлийн эзэд болсон залуус гээд гурван үеийн алтан хэлхээгээр холбогдсон мянга мянган эх орончдоороо МАН-ын гишүүд бид бахархахын зэрэгцээ үүрэх үүрэг, ноогдох хариуцлагаа ч мөн чанд ухамсарлаж ирсэн. Цаашдаа ч үүрэг, хариуцлага алдалгүй зүтгэн, хамтдаа улс, эх орондоо ихийг бүтээх итгэл, урам зориг дүүрэн байна. Энэ ч утгаараа Монгол улсынхаа төлөө зүтгэдэг, эх орныхоо хөгжилд дэвшилд хувь нэмрээ оруулдаг байх ёстой.
Эрхэм журмын нөхөд, МАН-ын мянга мянган гишүүд дэмжигчид та бүхэндээ Нийслэлийн МАН-ын хорооны түүхт 99 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлж ажлын амжилт, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Сэтгэгдэл (3)