Ардчилсан нам, Олон Улсын Ардчилсан Холбоо /IDU/ хамтран “Монгол Улс Ардчиллын Баянбүрд” сэдэвт олон улсын бага хурлыг Улаанбаатар хотод зохион байгуулж байна. Түүнчлэн эл хурал Монголд анх удаа болж буйгаар онцлог байна.
Ардчилсан нам анх 2011 онд энэхүү холбоонд элсэж байлаа. Тус оны арваннэгдүгээр сарын 10-16-ны өдөр тухайн үеийн Ардчилсан намын дарга, Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг ИБУИНВУ-ын Лондон хотноо "21-р зуунд эрх чөлөө, ардчиллыг бэхжүүлэх нь" сэдвийн дор зохион байгуулагдсан Олон Улсын Ардчилсан Холбооны 11 дэх удаагийн Удирдагчдын хуралд оролцож байв. Тэр үед Монголын Ардчилсан Нам Дэлхийн Олон Улсын Ардчилсан Холбооны бүрэн эрхт гишүүн болсон билээ.
Дээрх хуралд оролцох үеэрээ Н.Алтанхуяг Их Британийн Консерватив намын лидер, Ерөнхий Сайд Дэвид Камеронтой албан өрөөнд нь уулзаж, намуудын болоод хоёр улсын цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар болон холбооны талаар харилцан санал солилцож байсан түүхтэй.
Тэгвэл өнөөдөр болж байгаа IDU-гийн хурлаар ардчиллын замаар 34 жил замнаж буй манай улсын ардчиллын ололт амжилт, алдаа оноо, сорилт, сургамж, ирээдүйн талаар хэлэлцэж байгаа юм.