Олон улсын ардчилсан холбооны дарга Стифен Харпер мэндчилгээ дэвшүүлэв.
Монголын Ардчилсан Намын дарга Лувсаннямын Гантөмөр!
Ардчилсан намын гишүүд, анд найз нар аа!
Улаанбаатар хотноо чуулж буй “Монгол Улс-Ардчиллын баян бүрд” олон улсын бага хуралд оролцогсод та бүхэнд Олон Улсын Ардчилсан Холбооны даргын хувиар халуунаар мэндчилэн, хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе!
Энэхүү бага хурлыг Ардчилсан Намтай хамтран зохион байгуулж буйдаа бид тун их баяртай, бахархалтай байна.
Манай холбоо нь консерватив болон христийн ардчилсан үзэл бүхий улс төрийн хүчнүүдийн эрх чөлөө, ардчилсан ёсыг хамгаалахад чиглэсэн үйл ажиллагааг дэмжих үүднээс анх байгуулагдсан.
Монголын Ардчилсан Нам Олон улсын Ардчилсан Холбооны нэг гол багана хэмээн бид үзэж, гүнээ хүндэтгэдэг.
1990 онд өрнөсөн ардчилсан хувьсгалаас хойш Монгол Улс хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, хойч ирээдүй үедээ хөгжин, дэвжих боломж бий болгох талаар ихээхэн амжилт олсон. Энэ бүхэн нь зөвхөн Монголын Ардчилсан Намын нөр их хүчин чармайлтын үр дүнд бий болсон билээ. Олон Улсын Ардчилсан Холбооны дэд дарга, Монгол Улсын ерөнхийлөгч асан Элбэгдоржийн хувь нэмрийг энд дурдахгүй өнгөрч боломгүй.
Монголын Ардчилсан Нам засгийн эрхийг барьж байх цаг үе болгонд зах зээлийн эдийн засгийг төгөлдөржүүлэх, хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, ардчилсан ёсыг бататгахад чиглэсэн бодлого, үйл ажиллагаа түүний амин сүнс байлаа.
Өнөөдөр дэлхий дахинаа ардчилал нь дарангуйлал, худал хуурмаг бодлого, үйл ажиллагааны дайралтанд өртөх боллоо. Монгол Улс, монголчууд ч мөн үүнд өртөж байна.
Ардчиллын дайснуудтай ухралтгүй тэмцэх нь Ардчилсан Намын гол үйл ажиллагаа байх болно.
Ээдрээтэй энэ цаг үед Ардчилсан Намыг толгойлж буй намын дарга Гантөмөр танд гүнээ талархая. Олон Улсын Ардчилсан Холбоо Монголын Ардчилсан Намыг цаашид ч байнга дэмжин ажиллах болно. Мөн Гантөмөр дарга манай Холбоотой идэвхитэй хамтран ажиллана гэдэгт эргэлзэхгүй байна.
Хуралд оролцогсод та бүхэнд болон хурлын үйл ажиллагаанд өндөр амжилт, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!
Та бүхэнтэй 12 дугаар сарын 3-5-нд Вашингтон хотноо чуулах Олон Улсын Арлчилсан Холбооны ээлжит хурлын үеэр уулзана гэдэгт найдаж байна.
Сэтгэгдэл (1)