НҮБ-ын Ерөнхий Асамблейн 70 дугаар чуулганаар 2015 онд баталж, 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс албан ёсоор дэлхий дахинд хэрэгжиж эхэлсэн “Тогтвортой хөгжлийн зорилго”-ын 16 дахь зорилгын хэрэгжилтийн талаар хэлэлцэх “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” хоёр дахь удаагийн олон улсын чуулга уулзалт Төрийн ордонд өнөөдөр эхэллээ.
Чуулга уулзалтын нээлтэд, НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн оролцож үг хэлэв.
Тэрбээр хэлсэн үгэндээ, эх дэлхийгээ хамгаалах, эдийн засгаа цогцлоох, нийгмийн тогтвортой байдлаа хамгаалах зорилтууд маань өнөөдөр томоохон эрсдэлтэй нь учирч байна хэмээн онцлоод, Ази, Номхон далайн бүс нутаг болон Ойрхи Дорнодод ойрын 10 жил тохиогоогүй хурцадмал байдал бий болж, улс орнуудыг хуваагдахад хүргэж байгааг дурдан, тийм учраас бид олон улсын түвшинд, Засгийн газар хооронд, иргэний нийгэм, хувийн хэвшлийн хооронд урьд урьдынхаа илүү идэвхтэй хамтран ажиллах шаардлагатай болж байна гэсэн юм.
Тэрбээр, тогтвортой хөгжлийн зорилгыг үр дүнтэй хэрэгжүүлэхийн тулд бодитой ажил хэрэгчээр ажиллах шаардлагатай болж байгаа бөгөөд үүнд хүчтэй институц хэрэгтэй гэдгийг чухалчлав. Мөн, бүс нутгуудын хурцадма байдал, зөрчил мөргөлдөөн хүн төрөлхтний ахиц дэвшлийг хойш татаж байгааг тэрбээр дурдаж, уур амьсгалын өөрчлөлт, инфляц, нефтийн сүлжээний асуудлууд эдүгээ олон улсад хүнс, эрчим хүч, санхүүгийн давхар давхар хүндрэлийг бий болгож байгаа талаар ярьсан юм. Нийгмийг сайжруулж ногооруулан, илүү тэсвэртэй болгох, шинэ хямралуудыг даван туулахад шинжлэх ухаан, технологийн ололт, шинэ, шинэлэг шийдлүүдийг ашиглах нь чухал болохыг тэрбээр хэлж, олон улсын түвшинд гар нийлж түншлэн, ажил үүргээ хуваарилан авч, оролцогч талуудынхаа тэгш оролцоог ханган, хэнийг ч орхилгүй, хариуцлагатай ажиллахад “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” гол платформ байж, ялангуяа энх тайван, шударга ёс болон энэ хүчтэй институцийг Ази тив болон дэлхий даяар түгээн дэлгэрүүлэхэд чухал үүрэгтэй хэмээн дүгнэж буйгаа тэмдэглэлээ.
“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ: Тогтвортой хөгжлийн зорилт 16 – Энхтайван, шударга ёс, тогтуурьтай тогтолцоо” чуулга уулзалтад Азербайжан, Америк, Казахстан, Киргиз, Монгол, Өмнөд Солонгос, Турк, Узбекистан, Япон зэрэг улс, АНУ-ын Стэнфордын Их сургууль, ХБНГУ-ын Боннын Их сургууль, БНТУ-ын Измир Катип Челеби Их сургууль, Эль Фарабийн нэрэмжит Казак Үндэсний Их сургууль, БНСУ-ын “Илүү сайн ирээдүйн төлөө” сан, Швейцарийн хөгжлийн агентлаг, Олон улсын Монгол судлалын холбоо, Азербайжаны Үндэсний Шинжлэх ухааны академи, БНСУ-ын Гимхэ үндэсний музей зэрэг байгууллагын 300 гаруй төлөөлөгч оролцож байна.
Тогтвортой хөгжлийн 16 дахь буюу энх тайван, шударга ёсыг цогцлоох зорилгын 10 зорилт, хоёр дэд зорилтууд нь хүний үндсэн эрх, эрх чөлөө, амьдралын орчны аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг, хүчирхийллээс хамгаалахаас эхлэн дэлхийн засаглалыг сайжруулах хүртэлх өргөн хүрээг хамардаг юм.
Сэтгэгдэл (2)