УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Г.Амартүвшин үг хэллээ.
Тэрбээр "Өнөөдөр Монгол Улсын иргэн бүр цалингийн зээлтэй, зээлгүй ААН гэж байхгүй болсон. Бид банкны салбараас 100 хувь хамааралтай болсон. 2021 онд банкны монополыг задлах гэж Банкны тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг баталж байсан. Тэр хуулиар бол банкуудын хувьцааг олон нийтэд гаргах, 20 хувиас илүүг эзэмшихгүй байх зэрэг гол гол заалтыг оруулж өгсөн. Гэтэл өнөөдөр 20 хувийн асуудал гацаастай хэвээр байна. Нэгдүгээр сарын 1-ээс хойш энэ асуудлыг огт хэлэлцэхгүй байна. Яагаад бид үүнийг хэлэлцэхгүй байна вэ? Үүн дээр маш том лобби явж байна шүү. 2021 оны хуулиас хойш намайг харлуулах үйл ажиллагаа битүү явсан. Би шалгуулах гээд шүүхээр хүртэл явсан. Өнөөдөр шийдэх хэрэгтэй.
Дундаж бизнес эрхлэгч байгаа бүх барьцаагаа банканд тавиад жилийн 20 хувийн хүү төлдөг. Гэтэл банкуудын эх үүсвэрийн өртөг нь бодлогын хүүгээс хэтрэхгүй 11 хувьтай. 9 юм уу, 10 хувийн хүүгийн зөрүүн дээр банкууд амьдарч байна. Нэг их наядын цэвэр ашиг хийсэн. Би 2020 онд банкуудын зээлийн хүүг бууруулна гэж гарч ирсэн. Би энэ ажлаа дуустал хиймээр байна. Банкны тухай хуулийн хэрэгжилтийг хянах хэрэгтэй байна. Би УИХ-ын даргад албан тоот өгсөн. Үүнийг хянах ажлын хэсэг байгуулъя, ажлын хэсгийг би ахалъя гэсэн. Монгол банкныханд хариуцлага тооцох хэрэгтэй. Арилжааны банкуудыг хянах ёстой газар" гэв.