Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг болон БНСУ-ын Кореа Их сургуулийн Хот судлалын тэнхимийн декан Др. Жусок О нар хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.
Санамж бичгийн хүрээнд хотын шинжлэх ухааны салбарыг хөгжүүлэх, ухаалаг хотуудын мэргэжлийн чадавхыг бэхжүүлэхээр хамтарч ажиллах юм.
Уг санамж бичгийг байгуулснаар ухаалаг технологи бүхий хотуудыг төлөвлөх, ажиллуулах чиглэлээр туршлага хуваалцах, ухаалаг хот төлөвлөлт, менежментийн чиглэлээр мэргэшсэн албан хаагчдыг бэлтгэхэд чиглэсэн мэргэжлийн магистрын хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллах боломж бүрдэж буй. Энэ хүрээнд эхний ээлжинд 40 албан хаагчийг хамруулахаар төлөвлөөд байна. Мөн эл чиглэлээр хамтарсан форум, хэлэлцүүлэг, үйл ажиллагааг зохион байгуулах боломжтой болж буй юм.