Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулах үеэр Шадар сайд С.Амарсайхан мэдээлэл өглөө.
Тэрбээр "Онцгой байдлын алба хаагчдын хувцас хэрэглэл, тоног төхөөрөмж, машин механизмыг нэмэгдүүлэхтэй холбоотойгоор 25 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг төсөвт тусгахаар шийдвэрлэлээ. Тодруулбал, гал унтраах дрон, робот, гал сөнөөгчид, аврагчдын аюулгүй байдлыг хангасан хувцас хэрэгсэл зэрэгт 25 тэрбум төгрөгийг зарцуулна. Мөн онцгой байдлын мэргэжилтэн, боловсон хүчнийг сургахад чиглэсэн ажлуудыг идэвхжүүлнэ.
Түүнчлэн эрэн хайх, аврах, гал түймэртэй тэмцэх нэгж, бүлгүүдийн зарим орон тоо, төсвийг батлах үүргийг Сангийн сайдад өгсөн. Гамшиг, ослын үед иргэдэд зарлан мэдээлэх системийг шинээр хийх 30 сая ам.долларын төслийг эхлүүлэх санхүүжилтийн хэлэлцээрийг УИХ-аар удахгүй батална. Гамшгийн үеийн удирдлагын тогтолцоог сайжруулах үндэсний төв штабыг энэ онд байгуулна" гэв.