Ардчилсан нам, Олон Улсын Ардчилсан Холбоо /IDU/ хамтран “Монгол Улс – ардчиллын баян бүрд” сэдэвт олон улсын бага хурлыг маргааш зохион байгуулах гэж байна.
Монгол Улсад анх удаа болж байгаа энэхүү хурлаар Ардчиллын замаар 34 жил замнаж буй Монгол Улсын хөгжлийн ололт амжилт, алдаа оноо, хэтийн төлвийн талаар хэлэлцэх юм.
Энэхүү олон улсын бага хуралд Олон Улсын Ардчилсан Холбооны даргын бие төлөөлөгч, Канадын Парламентын гишүүн, Засгийн Газрын гишүүнээр олон удаа ажиллаж байсан эрхэмсэг ноён Тони Клемент, Олон Улсын Ардчилсан Залуучуудын Холбооны Ерөнхийлөгч Др. Майкл Даст, Английн Консерватив Намын гадаад харилцаа хариуцсан дарга асан Филиппа Брүүм болон Монгол Улсад олон удаа ирж ажиллаж байсан Данкан Макфарлайн, мөн Бүгд Найрамдахчуудын олон улсын хүрээлэн, Конрад Аденауэрын сангийн төлөөлөгчид оролцож байгаа нь ихээхэн анхаарал татаж байгаа юм.
Олон Улсын Ардчилсан Холбоо нь баруун, төвийн үзэл баримтлалтай 84 орны улс төрийн намуудыг эгнээндээ багтаадаг нэр нөлөө бүхий томоохон байгууллага билээ.
Энэхүү холбоонд АНУ-ын Бүгд найрамдах нам, Британи, Канад, Норвегийн Консерватив нам, Германы Христийн ардчилсан нам, Австрали, Шинэ Зеландын Либерал нам, Солонгосын Сэнүри нам зэрэг нөлөө бүхий том намууд багтдагийн дотор Монгол Улсаас Ардчилсан нам гишүүнээр элссэн байдаг.