Монголчууд хямд үнэтэй гурил идэх боломжтой боллоо. Мөн малчид хоршоо болон нэгдэж амьжиргаагаа дээшлүүлэх бодит нөхцөл бүрдэж байна. МАН-ын Ерөнхий Нарийн Бичгийн дарга, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангийн өнгөрсөн хугацаанд нийгэмд дорвитой ярьж буй хоёр ч хуулийг УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар эцэслэн баталлаа. Тодруулбал, гадаадаас импортоор хямд өртөгтэй гурилыг гаалийн албан татваргүйгээр оруулж ирэх хууль эрх зүйн орчин ийнхүү бүрдэж байна. Мөн малчид хоршооны хэлбэрээр ажиллаж, хөрөнгө оруулалтын зээл авч, түүхий эдээ зах зээлд өндөр өртгөөр борлуулж ашиг орлого олох боломжтой боллоо.
Ийнхүү ард түмний амьдралд бодит хувь нэмэр оруулах хуулиудыг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан голлон авторлосон юм. Чухал хоёр хууль хэрэгжсэнээр ямар үр дүнд хүрэх талаар товчхон дурдъя.
1. “Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай” хууль батлагдсанаар:
-Засгийн газраас жил бүр шаардлагатай импортын гурилын хэмжээг тогтооно. Ингэснээр гадаадаас хямд, чанартай гурил орж ирнэ.
-Газар тариалангийн салбарыг бүрэн хамгаалалтад авч, зах зээлийн зарчмаар үнэ тогтооно. -Жил бүр 100 мянган тонн улаан буудайг стратегийн нөөцөд авах, улаан буудайг биржээр худалдаалах боломжтой болно.
-Ингэснээр газар тариалангийн салбар бизнес зарчмаар хөгжих боломж нь бүрдэнэ.
2. “Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй байгаль, цаг уурын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай” хууль батлагдсанаар:
-Малчдын хэрэглээнд одоо авсан байгаа зээлийн эргэн төлөлтийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан. Зээлийн хүүгийн хуримтлалын 75 хувийг төр даана, 25 хувийг малчид өөрсдөө төлнө.
-“Шинэ хоршоо” хөдөлгөөн өрнүүлнэ. Хоршоонд сайн дураар нэгдсэн малчин өрх арилжааны банкнаас 3-5 жилийн хугацаатай, жилийн 6 хувийн хүүтэй хөрөнгө оруулалтын чиглэлийн 50 хүртэлх сая төгрөгийн зээлийг авах эрхтэй болно. -Чинээлэг малчин өрх бий болж сарын орлого нь 5 сая төгрөгт хүрэх боломж бүрдэнэ.