Монгол Улсын Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд “Амгалан” дулааны станцын өргөтгөлийг хугацаанаас нь дөрвөн сарын өмнө ашиглалтад өглөө.
Өргөтгөлийг хүлээлгэн өгөх ёслолд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцсон бөгөөд эрчим хүчний чөлөөт өрсөлдөөнийг дэмжих реформыг эрчимжүүлэхээ мэдэгдсэн байна. Тэрбээр, “Улаанбаатар хотын түгжрэл, утаа, замбараагүй төлөвлөлтийн асуудал бол шөрмөс нь татаж агшсан мэт дэд бүтэцтэй салшгүй холбоотой. Үйлдвэрлэлийн үнээсээ хэд дахин хямд эрчим хүчний бодит өртгөө нууж, өнөөдрийн асуудлыг аргацааж хойш тавьсаар эрчим хүчний салбар эрчээ алдаж, хөгжлийн боломжийг гажуудуулсан гашуун үнэнийг бид одоо ил тод ярих цаг болсон. Манай улсын дулааны станцууд 36-61 жил, цахилгаан дамжуулах, түгээх сүлжээ 33-63 жил ашиглагдаж, 40 гаруй хувийнх нь ашиглалтын хугацаа дууссаныг одоо хэнээс ч нуух хэрэггүй. Тэгэхээр боомтыг сэргээсэн шиг, аялал жуулчлал шийдлээ олсон шиг, “E-Mongolia”-г энгийн хэрэглээ болгосон шиг бид одоо эрчим хүчний салбартаа бизнесийн өрсөлдөөнийг дэмжиж, реформ хийх цаг нь болсон. Засгийн газраас Улаанбаатар хотын гэр хорооллыг орон сууцжуулах, Богд уулыг тойрсон шинэ төлөвлөлтийн шийдэл гаргаж байгаа учраас эрчим хүчний салбарт онцгой анхаарна” гэв.
“Амгалан” Дулааны станцыг өргөтгөснөөр суурилагдсан хүчин чадал нь 348 МВт байсныг 464 МВт болгон өргөжүүлж, эрчим хүчний үйлдвэрлэл нь 1.3 сая Гкал дулаанаар нэмэгдэж байна. Ингэснээр нийслэлийн зүүн хэсэг буюу Баянзүрх дүүрэг, Улиастай орчмын гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд бий болох 12 мянган айлын орон сууцны шинэ хороолол, 14 сургууль, цэцэрлэгийг төвлөрсөн дулааны эрчим хүчээр хангах боломж бүрдэж байна. Мөн нам даралтын халаалтын 40 гаруй зуухыг зогсоож, 32 ажлын байр шинээр бий болов.
Станцын өргөтгөлийн хүрээнд шаталтын орчин үеийн технологитой, 116 МВт-ын хүчин чадалтай нэг зуух шинээр суурилуулж, түлш дамжлагын системд вагон гэсгээгч, бутлуур суурилуулах, хими ус бэлтгэлийн хэсгийн ус зөөлрүүлэх төхөөрөмжийг хоёр үе шаттай болгож техникийн усан хангамжийн чанарыг сайжруулах, 28,000 м3-ийн багтаамжтай үнс хадгалах байгууламж барьж байгуулах зэрэг бүтээн байгуулалтын ажлыг 65.6 тэрбум төгрөгийн санхүүжилтээр гүйцэтгэжээ.