ЕБС болон цэцэрлэгийн хүүхдүүдийн үдийн цайнд сүү өгдөг болох хуулийн төсөл өргөн барьсан талаараа УИХ-ын гишүүн Ц.Анандбазар мэдээлэл өглөө.
Тэрбээр "Малын гаралтай түүхий эдийг үнэтэй болгох, малчдаа ажлын байртай болгох хуулийн төслийг өргөн барилаа. Тус хуулийн төсөл нь Бага үдийн сүү гэх нэртэй. Үүнийг хоёр жилийн өмнө ЭМЯ, ХААХҮЯ хамтран судалгаа хийсэн ч гацсан байсан. Өнөөдөр 26 гишүүн энэ хуулийн төслийг өргөн барьсан.
Энэ хөтөлбөрөөр 21 аймаг 330 сумын төвд буй 750 мянга гаруй ЕБС-ийн сурагч, цэцэрлэгийн хүүхдүүдэд 11 цагийн үед 250 гр хөөрүүлсэн сүүг ирэх оны нэгдүгээр сарын 1-ээс өгч эхэлнэ. Бага үдийн хоол хөтөлбөр нь инфляцаас хамааралтай болсон тул сургуулийн сурагчид байнга өлсөж, хоолондоо цаддаггүй асуудал бий болсон.
Бага үдийн сүү хөтөлбөр хэрэгжиж эхэлснээр таны хүүхэд гэдэс цатгалан явж, шүд нь цоорохгүй. Түүнчлэн ум болон аймгийн төвд ажиллаж буй хүмүүс ажлын байртай болно.
Хичээлийн 22 хоногоор үржвэл сард дөрвөн сая литр сүүг орон даяар олгох боломжтой. Хичээлийн шинэ жилийн хугацаанд нийт 37 сая литр сүү олгох юм. Үүнийг 1,600 төгрөгөөр бодвол 60 тэрбум төгрөг болно. 3-4 үнээтэй айл жилд найман сая төгрөгийн орлого олох боломжтой" гэв.