Цаг үеийн асуудлаар Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр дараах байр суурийг илэрхийллээ.
Тэрбээр "Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ярилцлагыг би бүтэн сонсоогүй. Гэхдээ МАНАН байсан уу, байсан. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ч байсан гэж хэлсэн. Бүлэглэлийн толгойлогч нь Ц.Элбэгдорж байсан уу, байсан. Гэвч энэ бол зөвхөн Ардчилсан нам, Ардын намын үзэгдэл биш. Харамсалтай нь, МАН, АН хоёр хамтраад ардчиллын ерөнхий зарчмыг зөрчиж, Засгийн газар байгуулаад том, том луйвар хийсэн гэдгийг 10 гаруй жил ярьсан шүү дээ. Би их олон жил ярьсан учраас одоо шинэ зүйл ярьж чадахгүй байгаа юм шиг. Дахиад ярих хэрэг байгаа юм уу?
Хууль хяналтын байгууллагыг хүртэл өөрийнхөө эрхэнд оруулж, юу дуртайгаа хийж, дургүй хүнээ хорьж, эрүүдэн шүүх ажиллагаа явуулдаг.
МАНАН бүлэглэлийн эрч сулраагүй. МАНАН-г бий болгож байсан, үүнийг өөгшүүлж байсан, үүний ард нуугдаж, улс орныхоо эсрэг өөрийн хувийг зорилгоо биелүүлж байсан бүх хүн хариуцлага хүлээх ёстой. Тэгж байж ардчилал сэргэнэ. Гэвч Ардчилсан нам МАНАН бүлэглэлийг хамгаалсан хэвээр байна. МАНАН бүлэглэлийн эсрэг тэмцэхэд Л.Оюун-Эрдэнийн хүч мөхөстөж байж мэднэ. Учир нь зарим нь нуугдчихлаа. Зарим нь өөрсдийгөө тайлбарлаж байна. Энэ бол маш хэцүү тэмцэл.
Наанаа дуугүй царайлж байгаа ч цаана нь асар их эсэргүүцэл байж магадгүй гэж би хардаж байна. Тиймээс энэ тэмцэл үр дүнд хүрээсэй, хууль шүүх хараат бус болоосой, шударга ёс сэргээсэй.
Дээд шүхэд МАНАН бүлэглэлийн гар хөл байсаар байгаа цагт яриад, яриад нэмэргүй. Тэгээд ард түмэн бухимдаж байна. Атал ийм эр зориг гаргаж байгаа нь их юм.
МАН, МАХН хоёр арван жил тусдаа явсан. Гэвч үүх түүх бол нэг. Луйврын сонгуультай тэмцэж салсан юм шүү дээ. Байгалийн баялагийг цөөнхийн гарт орохын эсрэг бид салсан. Их урт 10 жил өнгөрлөө. МАНАН байна гэдгийг хүлээн зөвшөөрүүлж чадлаа. МАНАН-ы ард хяналтгүй төр засаг, хараат шүүх, хээл хахууль, луйврын сонгууль бүгд бий. Бидний 10 жилийн тэмцэл хоосон өнгөрөөгүй гэдгийн нотолгоо бол нүүрсний сонсгол. Ардын нам тухайн үед МАНАН байна гээд тус тусдаа тэмцэж байгаа юм шигээр хүчээ саармагжуулж харуулсан. МАНАН бол өнөөдөр нуугдчихсан байж магадгүй. Хэзээ ч дахин төрж магадгүй. Үүнийг төрүүлэхгүй байхын төлөө явж байгаа" гэв.
М.Жаргал
Сэтгэгдэл (6)