УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Энэ үеэр ЗТХ-ийн сайд С.Бямбацогт үг хэллээ.
Тэрбээр "Үндэсний баялагийн сангийн тухай хуулийн анхны хэлэлцүүлэг өнөөдөр болно. Энэ бол 2019 онд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан шалтгаан, ард түмний хүсэн хүлээж буй зүйл юм. Байгалийн баялагийн өгөөжийг монголын ард түмэн тэгш, шударга хүртэх эрхтэй. Монгол Улсын Засгийн газар өргөн мэдүүлсэн, бид одоо яаралтай горимоор хэлэлцэж байна.
Гэтэл Засгийн газрын өргөн мэдүүлсэн хуулийн төслөөс ангид, тэс хөндлөн заалтыг ажлын хэсэг оруулж ирж байна. Хуулийн төслийн үзэл баримтлалд тусгагдаагүй, хуулийн төслийн үйлчлэх хүрээнээс хальж, хэтэрсэн заалт байна. Хуулийг гууль болгох гэж байна.
Бид хурдан хугацаанд Үндэсний баялагийн санг байгуулмаар байна. Ганцхан Эрдэнэс Тавантолгой бус стратегийн бүх том ордоос монголчууд хүртмээр байна. Энэ л гол зорилго. Зарим заалтыг нь харвал нуухыг нь авах гээд нүдийг нь сохолж байна л даа. Байгалийн баялагийн өгөөж нь ордуудаас гадна төмөр зам, авто зам, төрийн өмчит компаниудын орлогыг санд төвлөрүүлнэ, удирдлага зохион байгуулалтыг Эрдэнэс Монгол компани хангана гэсэн заалт тусгасан байна.
Яах гээд байгаа юм бэ. Тэр АЗЗА компанийг авч яах гэсэн юм. Тэр чинь зам засдаг компани, орлого олдог компани биш. Замын цоорхой, хагархайг нөхдөг, иргэдийг аюулгүй зорчих бололцоогоор хангадаг юм. Өнөөдөр Гашуунсухайтын замыг Эрдэнэс Монгол эзэмшдэг. Өдөртөө 1000 машин явдаг. 540 мянган төгрөгийн замын хураамж төлдөг. Өдөртөө 540 сая, жилдээ 350 тэрбум төгрөгийн орлого олдог. Тэгчихээд Эрдэнэс Монгол замаа засдаггүй, хэдэн ажилчдын цалинг л олгодог. Хэдэн саяар нь цалин авахын тулд ингэх гээд байгаа юм уу? Замаа ч засаж чаддаггүй, жолооч амиа алдахад нүдээ аньчихсан сууж байдаг. Тийм байж бүх зам, бүх төмөр замыг авч яах гээд байгаа юм бэ?
Мөн Улаанбаатар төмөр замын 50 хувийг манай тал эзэмшдэг. Бүрэн авч чадахгүй байгаа биз дээ, түүний орлогыг авах уу?
Ийм байдлаар асуудал оруулж ирмээргүй байна. Урд нь С зөвшөөрлийн асуудлыг бас л ярьсан. Ерөөсөө АТҮТ-д байхаар авлигал аваад байна гээд уул уурхайн компаниуд авсан. Гэтэл өнөөдөр тэр авлига нь 20-30 сая болчихоод байна. Би одоо шүгэл үлээж байна.
Би өмнө нь шүгэл үлээж байсан. Төмөр зам дээр нэг воган тавихад 500 сая төгрөгийн авлига аваад байна шүү гэж Л.Халтар сайд биш би шүгэл үлээсэн. Гишүүн байхдаа шүү. Үнэхээр л тийм байсан. С.Батдөл баригдан. Нүүрсний хулгайн тухай шүгэл бас л үлээсэн. Өнөөдөр ард түмэн бүгд байгаа шүү. Одоо С зөвшөөрөл дээр шүгэл үлээж байна.
Нэртэйгээрээ зам тээврийн яамыг татан буулгачих. ЗТХ-ийн яамыг Агаарын тээврийн яам болгочих.
Үндэсний баялагийн сангийн үйл явцыг гацаах гэж хонины арьс нөмөрсөн чоно шиг ажиллаж болохгүй. Үүнийг анхаарах ёстой" гэв.
М.Дэвээ
Сэтгэгдэл (6)