Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах Улсын Их Хурлын Түр хорооноос зохион байгуулж буй нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол гурван өдөр үргэлжиллээ. Сонсголыг эмийн хүртээмж, үнийн өсөлтийн шалтгаан нөхцөл, эмийн бүртгэл, хяналт гэсэн үндсэн гурван сэдвийн хүрээнд нийт 32 асуудлаар явуулж, мэдэгдэх хуудас хүргүүлсэн нийт 119 гэрчээс 83.2 хувийг оролцуулж, тайлбар, мэдээлэл сонслоо. Уг сонсголыг дүгнэж УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн үг хэллээ.
Тэрбээр "Бид танил тал, сайд дарга гэлгүй эм хангамжийн тогтолцооны идээ бээрийг шахаж, нөхцөл байдал ямар байгааг ард иргэддээ ойлгуулж, болохгүй бүтэхгүй байгаа бүхний үүд хаалгыг хаахын төлөө ажилласан. Сонсголоор тэр бүхэн өргөс авсан мэт эдгэрчихгүй ч гэлээ томоохон өөрчлөлтүүд гарна гэдэгт итгэлтэй байна.
Мөн сонсголд оролцсон, зохион байгуулсан, дүгнэлт, тайлан гаргаж ажилласан, олон нийтэд мэдээлж, өөр өөрсдийн сувгаар дамжуулсан бүх байгууллага, хүмүүст талархал илэрхийлье.
Бид өнөөдөр Монголдоо өвчин зовлонгоо эмчилж чаддаг, эм нь чанартай байж, ард иргэд маань өвчнөөс болж ядуурахгүй байх тогтолцоог бүрдүүлэх том алхмын эхлэлийг тавьж, энэ үйл хэргийн гэрчүүд боллоо" гэв.