Эмийн сонсголыг явуулах түр хорооныхон "гэнэтийн шалгалт" хийж, гэнэт мэдэгдэл хийж, гэнэтхэн ухаан орсон нь саяхан. Гэтэл хоёр жил яригдаж, хормойгоо шаттал гүйсэн баймаар, даанч тийм зүйл алга. Багийн гишүүд нь "сүржин" мэдэгдэлээ энэ ажлаараа баллуурдаж байна. Эрүүл мэндийн салбар монополчлогдсон гэж индэрийн ардаас орилоод л байсан, гурван өдөр жагсаалт уншиж, гэрч дуудаж өөрсдөө асуултанд хариулснаас гавьсангүй.
Сонсголын өмнө М.Оюунчимэг гишүүн "Гааль, эмийн агентлаг, ЭМЯ-аас авсан мэдээлэл асар зөрүүтэй байна гэдгийг шинжээчид хэлж байна. Энэ асуудал шалгалтын явцыг удаашруулж байна. Монополчлол тогтсон учраас эмийн үнэ буурахгүй байна" гэж байлаа.
Нэг л их саад тотгортой учирсан түр хороо. Бүлэглэлийн илчилнэ л гэсэн "хуурамч" мэдээлэл тарааж иргэдийг гүтгэсэн болж дуусах нь.
Ж.Чинбүрэн гишүүн "Монголыг сорон мөлжсөн олон том хулгайн нэг нь эмийн хулгай" гэж хэлснээрээ ШҮГЭЛ үлээж байна гээд л бичлэг хийж, цахимаар нэг "савсан". Гэтэл шүгэл нь яндан шиг хуугиад нэмэр алга.
Хэдэн хүний нэр дуудлаа. Өнөө хэд нь компани, хамаатан саднаа эрж хайсан сурагтай. Хаана мафижаад, хаана монополчлогдоод, хэн хэрээд, хэн аалз нь болсныг түр хорооныхон биш "бурхан" л мэдэх байх. Угтаа нотлох баримтыг шинжлэн судлах гэдгээ ойлгосон тэнд ойлгосон хүн байна уу?
Гэрчээр дуудсан хүмүүсээс нь цохон тэмдэглэвэл эхний өдөр ЭЗХ-ийн сайд Ч.Хүрэлбаатар, Эрүүл мэндийн дэд сайд асан Д.Дэмбэрэл нар сууж байв. Сүр оруулах гэсэн үү, тун ойлгомжгүй. Д.Дэмбэрэлийг дуудчихаад асуусан зүйл нь "Хэдэн төгрөгний урамшуулал авдаг байсан бэ" гэх бяцхан хийрхэл. Хариулт нь "100 мянган төгрөг байсан, үүнийг нэмэгдүүлээрэй гэж хүсье" гэх үг. Сайд Ч.Хүрэлбаатар бол яах гэж ирснээ ч мэдэхгүй, эрүүл мэндийн салбарт хэрэгжүүлсэн зарим нэг ажлыг магтсан болоод гарна лээ. ЭМ-ийн сайд асан Д.Сарангэрэл бол тоох ч үгүй юм билээ. Ёстой л "яах гээд байгаа нь мэдэгдэхгүй" хачин жигтэй "сонсгол" гэж үүнийг л хэлэх байх.
Энэ сонсгол хэдэн гишүүдийн сонгуулийн гишгүүр байсан ч салхинд хийсэх нигууртай болов. Найдалтгүй боллоо доо, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, Д.Батлут, Б.Бейсен, Б.Жаргалмаа, М.Оюунчимэг, Ц.Сандаг-Очир, Ц.Туваан нар аа!
М.Жаргал