Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах Улсын Их Хурлын Түр хорооноос зохион байгуулж буй нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол гурван өдөр үргэлжиллээ. Сонсголыг эмийн хүртээмж, үнийн өсөлтийн шалтгаан нөхцөл, эмийн бүртгэл, хяналт гэсэн үндсэн гурван сэдвийн хүрээнд нийт 32 асуудлаар явуулж, мэдэгдэх хуудас хүргүүлсэн нийт 119 гэрчээс 83.2 хувийг оролцуулж, тайлбар, мэдээлэл сонслоо. Уг сонсголыг дүгнэж УИХ-ын гишүүн М.Оюунчимэг үг хэллээ.
Тэрбээр "Энэ гурван өдрийн сонсголоор яригдсан бүхий л сэдвүүд, эм хангамжийн салбарын өнөөдрийн нөхцөл байдлын талаар иргэд, олон нийт нэгэнт дүгнэлтээ хийчихсэн байгаа гээд, эмийн зах зээл дээр хяналт, зохицуулалт, бодлого байхгүй, найран дундаа орчихсон мафийн сүлжээ буюу аалзны тор шиг болчихсон байна гэж дүгнэлээ.
Монополь компани, төрийн эрх мэдэл, шийдвэр гаргах түвшний хүмүүс, тэдний хамаарал бүхий компани 50 хувиас дээш байгаа нь ноцтой асуудал.
Энэ бол зүгээр нэг салбарын тухай асуудал бус монгол хүний эрүүл мэндтэй холбоотой тул нотлох баримтуудаар хөдөлшгүй тогтоогдсон асуудлуудыг хуулийн хүрээнд ярьж, монгол хүний эрүүл мэндийг бид сахин хамгаалах ёстой" гэв.