Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. Энэ үеэр Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "2014 онд Багануур, Багахангай, Налайх алслагдсан дүүрэгт захирагчийн сонгууль явуулж, дагуул хот болгох эхлэлийг тавьж байсан. Харамсалтай нь засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн зарим чиг үүргийг шилжүүлэх Үндсэн хуулийн эрх зүйн орчин бүрдээгүй байсан учир захирагч гэдэг албан тушаалтныг нэлээд улс төржилт өндөртэйгөөр сонгож, 2016 оны сонгуулийн дараа татан буулгаж байсан. Аливаа хотод нутаг дэвсгэр, татвар төвлөрүүлэх, хөгжлийн бодлого, төлөвлөлтөө тодорхойлох, өмчөө захиран зарцуулах эрх гэдэг засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжид хадгалагддаг чиг үүргүүдийг тосгон гэдэг байгууллагад шилжүүлэх боломжгүй гэж үзэж, 2019 онд Үндсэн хуульд оруулсан. Үндсэн хуульд оруулсан энэхүү нэмэлт өөрчлөлтийг амилуулахаар Б.Дэлгэрсайхан сайдаар ахлуулсан ажлын хэсэг байгуулагдаж байна.
Ерөнхий сайдын зүгээс засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн шинэчлэлт хийх хуулийг боловсруулах үүрэг, чиглэлийг авлаа. Ингэснээр Налайх, Багахангай, Багануур дүүрэг дагуул хот байдлаар хөгжих эрх зүйн үндэс бүрдэнэ. 150,000 хүний хотыг байгуулах хуулийг хамт өргөн барина.
Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулахад Төв аймгийн нутаг дэвсгэр дээр "Шинэ зуун мод" хотын эрхзүйн байдлын хуулийг хамт өргөн мэдүүлэхээр төлөвлөж байна" гэв.