БШУЯ-наас багш хичээлээ төлөвлөх, үнэлгээ хийх, нэмэлт контент бэлтгэхэд хиймэл оюуныг ашиглах боломжийг бүрдүүлж AI виртуал туслахыг хөгжүүлж, сургалтын байгууллага бүрийг өндөр хурдны интернэттэй, суралцагч бүрийг ухаалаг ангитай, багш бүрийг компьютертэй болгох зорилт тавин ажиллаж байна.
Энэхүү ажлыг эрчимжүүлэхээр салбарын сайд Л.Энх-Амгалан мэдээллийн технологийн, үндэсний хиймэл оюун ухаан хөгжүүлэгчдийн төлөөлөлтэй уулзав.
Уулзалтын үеэр Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, “Технологийн үндэсний компаниудын хөгжүүлж буй платформ, контентуудад монгол эх хэлийг зөв хэрэглэх, технологийн дэвшлийг ашиглан боловсролын хүртээмж, үр дүн дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой гэж үзэж байна. Боловсролын салбарыг хөгжүүлэхэд цахим технологийг тууштай ашиглан, цахимаар суралцах олон талт үйл ажиллагааг бид дэмжих болно” хэмээв.
Уулзалтад “Bolorsoft”, “MLUB” зэрэг компани, төрийн бус байгууллага, Боловсролын ерөнхий газар, Боловсролын судалгааны хүрээлэн, Боловсролын үнэлгээний төв, Хэл зохиолын хүрээлэнгийн төлөөлөл, хэл шинжлэлийн эрдэмтэн судлаачид байлцлаа. Тэд боловсролын салбарт хиймэл оюун ухааныг нэвтрүүлэх, компаниудын хөгжүүлж буй “large language model”-ийг боловсролын салбарт хэрхэн уялдуулах боломжийн талаар харилцан ярилцаж санал солилцов.