"Шинэ хоршоо-Чинээлэг малчин" хэлэлцүүлэг болж байна. Уг хөтөлбөрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан өчигдөр Засгийн газрын хуралдаанд танилцуулсан юм. Энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлснээр бэлтгэн нийлүүлэлтийн тогтолцоо сайжирч, мал аж ахуйн бүтээгдэхүүний улирлын чанартай үнийн савлагаа буурч, орлого тогтворжино. Малчдын нийгмийн баталгаа, ахуйн нөхцөл сайжрах боломжтой аж. Мал аж ахуйн салбарын уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, эрсдэл даах чадавх дээшилнэ. Байгальд ээлтэй, инновац шингэсэн, ногоон шалгуурыг хангасан, мал аж ахуйн тогтвортой үйлдвэрлэл хөгжих юм. Ийнхүү уншигч та бүхэнд "Шинэ хоршоо-Чинээлэг малчин" хэлэлцүүлэг үеэрх сурвалжилгыг хүргэж байна.
ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан: Малын тоо нэмэгдэх тусам ядуурдаг тогтолцоо бий болчихсон
Тэрбээр "Олон улсын байгууллагууд, ОБЕГ-ын гаргасан үнэлгээгээр 16-20 сая мал хоргодох төлөвтэй байна. Үүнээс үүдэн 10-аас дээш мянган өрх малгүй, хөдөлмөр эрхлэх боломжгүй болно гэсэн үг. Энэ байдал 2-3 жил давтагдсан тохиолдолд Монгол Улс мал аж ахуйн орон гэдэг ойлголтыг авч үлдэх үү, үгүй юу гэдэг аюул тулгарна. Иймд Засгийн газар уур амьсгалын өөрчлөлтөөс уламжлалт мал аж ахуйн салбарт тулгамдаж буй нөлөөллийг бууруулах арга хэмжээг авах хуулийн төслийг боловсруулаад УИХ-д өргөн барьж байна.
Газар нутгийн 71 хувь дээр бэлчиж буй мал аж ахуйн салбараа илүү зорилтот болгоё, хагас эрчимжсэн хэлбэр рүү шилжүүлье, бэлчээрийн даацад нийцсэн мал аж ахуйн салбартай болъё гэсэн зорилгын үүднээс хагас эрчимжсэн салбар болох ёстой хэмээн үзэж байна.
Өнөөдөр Монгол мал авах ёстой тарга тэвээргийнхээ 60-70 хувийг л авч чадаж байна. Энэ нь цаашлаад эдийн засгийн хувьд үр өгөөжтэй байж чадахгүй. Малын тоо нэмэгдэх тусам ядуурдаг тогтолцоо бий болчихсон. Ийм учир үүнийг өөрчлөх зайлгүй шаардлагатай байна. Малчид сар бүр 600-700 мянган төгрөгийн өрөнд орж амьдарч байна. Тиймээс илүү чинээлэг салбарыг хөгжүүлэхийн тулд хоршооны загварыг улам хөгжүүлэх ёстой хэмээн үзэж байна" гэв.
УИХ-ын гишүүн Б.Баярсайхан: Малчдыг зөв бодлогоор дэмжиж чадаагүй учир залуу малчдын залгамж халаа тасарч байна
Тэрбээр "Малчид жилдээ хоёр удаа л орлоготой байдаг. Малчдын өөрсдийн хоршоо байгуулаад авч буй зээл нь жилийн 24 хувийн хүүтэй байна. Өнөөдөр уламжлалт мал аж ахуйд сөргөөр нөлөөлж буй уур амьсгалын хууль батлагдаад хоршоодыг дэмжсэн таатай зээл авах боломж гарч байна. Нэг жилийн 7 сард нь малчид өвөлжөөн дээрээ амьдардаг.
Хөдөө орон нутагт тулгамдаад буй хамгийн том асуудал буюу залуу малчдын залгамж халаа тасрах гээд байгаа нь зөв бодлогоор малчдаа дэмжиж чадахгүйд байгаа юм.
Иймд уг хуулийн төслийн УИХ-ын гишүүний хувьд дэмжиж байна" гэв.
Д.Батчулуун